Ахмадад цаазаар авах ял оноож магадгүй
Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сёкийг ажлын
хариуцлага алдсан, санаатайгаар бусдын амь насанд халдсан, хэргийн газраас
зугтаасан, хөлгийн бусад гишүүнд буруу заавар, зөвлөгөө өгсөн хэмээн буруутгаж
цаазаар авах ялаар шийтгэж магадгүй гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хөлгийн ахмадын шүүх хурал энэ сарын 22-нд Сөүл хотноо болох юм. Шүүх хуралд хөлгийн ослоос амьд үлдсэн сурагчид болон гэр бүлийнхэн нь оролцохоор болжээ. Өнөөдрийг хүртэл ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүл ахмадыг цаазлахыг шаардаж, жагсаал зохион байгуулсаар байгаа юм. Жагсаалд оролцож буй Ким Нам Сан “Би “Sewol” хөлгийн ослоор 16 настай охиноо алдсан. Охин минь миний амьдрал, утга учир минь байсан. Онгоц осолдох үед хөлгийн ахмад зорчигчдыг байрнаасаа хөдөлж болохгүй гэж хэлээгүй байсан бол тэд амиа алдахгүй байсан. Олон хүүхдийн аминд хүрсэн Ли Жүн Сёкийг цаазлах хүртэл би тэмцсээр байх болно. Мөн “Sewol” хөлгийн эзэмшигч буюу “Чонхажин Мэрин” компанийн эзэн Ю Бен Ын гэгчийн хүүхдүүдийг цаазлах хэрэгтэй. Буруу аргаар өнөөдрийн хүртэл амьдарсан” хэмээн ярьжээ.
“Sewol” хөлгийн ослоор 294 зорчигч амь үрэгдэж 10 зорчигч сураггүй байгаа юм. Өнгөрсөн сарын эхээр тэднийг хайх ажиллагааг албан ёсоор зогсоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ