Каталончууд дахин санал хураалт явуулна
Испанийн зүүн хойд нутагт оршин суудаг каталончууд энэ
сарын 9-нд тусгаар улс болохыг хүсч, бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Саналаа
өгсөн иргэдийн 80.2 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн юм. Энэхүү сонгуульд 2.5
сая иргэн оролцжээ. Тэгвэл өөрийгөө “Бүгд Найрамдах Каталони улс”-ын тэргүүн хэмээн
нэрийдээд буй Артур Мас Испанийн удирдлагуудад хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Каталони мужид албан ёсны, хуулийн дагуу бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдэж, хүлээн зөвшөөрөхийг Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойгоос хүсчээ. Артур Мас “Энэ сарын 25-нд “Каталоныг Испанийн нэг муж хэвээр үлдээхийг хүсч байна уу, эсвэл тусгаар тогтносон улс болохыг дэмжих үү” гэх асуулттай бүх нийтийн санал асуулга хоёр дахь удаагаа явуулна. Бид бүх зүйлийг сайтар бэлдсэн. Хэрвээ Засгийн газар ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцвол, жагсаал хийх болно” гэж хэлжээ. Каталон мужийн бүх нийтийн санал асуулгыг Испанийн Үндсэн хуульд харшилсан хэмээж Засгийн газраас хориглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ