Австрали “Их 20”-д бэлэн

img

Австралийн Брисбэн хотноо маргааш “Их 20” чуулга уулзалт зохион байгуулагдах билээ. Энэхүү уулзалтаар олон улсын анхаарлыг татаж буй хэд хэдэн асуудлыг ярилцаж, шийдэлд хүрэхээр төлөвлөжээ. “Энэхүү уулзалтаар Иракийн хэт даврагч болон Баруун Африкийг түгшээж буй эбола вирус, Украины зүүн хязгаарын асуудлаар голлон ярилцах болно” гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн. Өнгөрсөн жил ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгууллагдсан “Их 20”-ийн уулзалтаар Сирийн химийн зэвсэг, Иран болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн билээ. 2014 оны “Их 20” уулзалтад оролцох удирдагчдын сэтгэгдлийг хүргье.



                                             Хэт даврагчид биднээс хүчтэй биш

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама




Уулзалтын эхэнд бид Иракт хүчирхийлэл үйлдэж, галт зэвсгийн тусламжтай энгийн иргэдийг айлгаж буй хэт даврагч “Халифын вант улс бүлэглэл”-ийн асуудлаар ярилцах болно. Тэд биднээс хүчтэй байж чадахгүй. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын тусгай хүчний 1500 цэрэг Багдадад очих болно.



                                      Орос босогчдод зэвсэг нийлүүлээгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин




Украины зүүн хязгаарын мужуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид болон босогчдод Орос хэзээ ч зэвсэг нийлүүлж үзээгүй. Энэ тухайгаа “Их 20” уулзалтын үеэр мэдэгдэх болно. Олон улс биднийг хамгаална гэдэгт итгэлтэй байна.



                                     Эбола түгшүүр зарлахад хүргэв

 Германы Канцлер Ангила Маркель




5000 хүний аминд хүрээд буй эбола вирус Европын орнуудад дэгдэхгүй гэсэн баталгаагүй боллоо. Герман улс эболатай тэмцэх үүднээс өнгөрсөн сард 100 сая ам.долларыг ДЭМБ-д хандивласан. Энэ удаагийн хуралдаанаар эболаг бүрэн зогсоох бэлдмэл гаргаж авах мөн мөнгөн хуримтлал үүсгэх асуудлаар ярилцах болно.



                           Хойд Солонгос ард түмнийг минь заналхийлж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ




Хойд Солонгосын удирдлагууд ард түмнийг минь заналхийлж байна. Өнгөрсөн жилийн “Их 20” уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ жилийн уулзалт Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хүйтэн харьцааг зогсооход нэмэр болно гэж найдаж байна.




                                          Хэдхэн асуудлыг ярилцах нь зөв

БНХАУ-ын дарга Си Зиньпин




Жилд нэг удаа зохион байгууллагддаг уулзалтаар олон бус чухал гэсэн 2-3 асуудлын талаар ярилцах нь зөв. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцсон эрхмүүд Байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлаар голлон ярилцсан. Энэ уулзалтаар ч гэсэн Хятад Байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулах болно.



                                       Хэт даврагчидтай тооцоо бодох хэрэгтэй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд




Би хүчээ нэгтгэж Иракийн хэт даврагч гэлтгүй Нигер, Палестин, Баруун Африкт эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагч болон зэвсэгт бүлэглэлүүдтэй тооцоо бодох хэрэгтэй.



                              Австрали хүү хэт даврагч болсон нь гутамшиг

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот




Австрали Иракийн хэт даврагчдын эсрэг нэгдсэн 11 дэх улс. Австрали бие дааж хэд хэдэн удаа Иракт агаараас цохилт өгсөн. Энэхүү үйл явдлын дараа өнгөрсөн сарын дундуур Лони гэх австрали хүү хэт даврагч болсноо мэдэгдэж, миний амь насанд халдана хэмээн сүрдүүлсэн. Энэ бол гутамшиг.



                                      Эбола тааварлахын аргагүй дайсан

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон




Эхний ээлжинд Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсоох хэрэгтэй. Хэт даврагчид бол ил дайсан. Харин эбола тааварлахын аргагүй дайсан.  Тиймээс энэ үхэл таригч вирус илүү олон хүний аминд хүрэхээс нь өмнө зогсоох хэрэгтэй.



                                  “МН17” онгоцны ослыг мартах учиргүй

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак




Энэ жил Малайзын агаарын салбар уналтад орсон. 239 зорчигчтой “МН370” онгоц сураггүй алга болсон. Удалгүй 298 зорчигчтой “МН17” онгоц Украинд осолдсон. АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгчид “МН17” онгоцны ослыг мартах учиргүй. Энэ ослын шалтгааныг олж, илрүүлэхэд та бүхний туслалцаа хэрэгтэй байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ