Ж.Батзандан: Би сайд болохгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
х
-УИХ дахь АН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухайд ямар байр суурьтай байна вэ?
-АН-ын ҮЗХ, УИХ дахь бүлэг хоёр шийдвэр гаргах гол байгууллага. Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮЗХ, бүлэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар ажиллалаа. АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргал гишүүнийг нэр дэвшүүлсэн. Харин ҮЗХ хуралдаж, бүлэг гаргасан шийдвэрээ дахин нэг хараач гэсэн. Манай АН-ын бүлэг хэлэлцээд “Өнөөдөр бид маргалдаад байх цаг алга. Шийдвэрээ хурдан гаргаж, Засгийн газрыг ажиллуулах шаардлагатай байна. Төрийн тогтвортой байдал хэрэгтэй” гэж үзсэн. Ингээд бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн.
х
-Та гишүүний хувьд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхийг зөвшөөрч байна уу?
-Миний хувь хүний байр суурь ондоо. Би сэтгэл дундуур байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгох, улс орныг хүнд байдалд хүргэхэд оролцсон гол хүн Ч.Сайханбилэг гишүүн. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгох туйлын зөв гэж би бодохгүй байна. Олонхийн шийдвэрээ дагах болно. Өөрийн байр сууриа би хурал болгон дээр хэлж байгаа. ҮЗХ-ны зургаахан хүний зөрүүтэйгээр энэ шийдвэрийг гаргасан.
а
-Ч.Сайханбилэг гишүүн 12 хүний саналын илүүгээр дэмжигдсэн шүү дээ?
-Зургаан гишүүн намын бүлэгт байгаа шүү дээ. Шинээр сонгогдох Ерөнхий сайд маш бага хүний зөрүүтэйгээр дэмжлэг авсны хувьд дутуугаа бүрэн болгох ёстой. АН-ын ҮЗХ , УИХ дахь бүлгийн 45 гаруй хувь нь дэмжихгүй байгаа гэдэг бол асуудалтай. Эдийн засгийн хямралаас гарахын тулд шинээр бий болж байгаа Засгийн газарт амаргүй үүрэг даалгавар ноогдож, Р.Амаржаргал гишүүний хэлснээр “Авралын Засгийн газар” байх юм. Энэ бол мөнгөтэй Засгийн газар биш, улсын төсвөө 15-30 хувиар тануулсан. Тиймээс эдийн засгийн хямралаас улс орноо гаргахын төлөө сайн ажиллах хэрэгтэй.
а
-АН-ын гишүүд илүү хариуцлагатай, олонхио дагадаг болох нь гэж ойлгож болох уу?
-АН дүрэмгүй тоглолтоос татгалзаж, дүрмээ өөрчилж, шинэ АН, ард түмний нам болох ёстой. Энэ ч утгаараа АН-ын шинэ дарга 12 дугаар сарын 8-нд болох их хурлаар намын шинэ дүрмийг танилцуулахаа амласан байгаа.
а
-Та намын шинэ даргын тухайд ямар бодолтой байна вэ?
- Намын шинэ дарга ҮЗХ-оор сонгогдсон. 12 дугаар сарын 8-нд намын их хурлаар бид намын дүрэм, даргаа баталгаажуулна.
а
-Та шинэ Засгийн газарт орж ажиллах уу?
-Би сайд болно гэж нэрээ дэвшүүлээгүй. Надад сайдын санал ч ирээгүй. Ер нь би сайд болохгүй. Шинээр байгуулагдах Засгийн газар давхар дээлээ тайлах ёстой.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ