Буркино Фасо улс Ерөнхийлөгчтөй боллоо

img

Баруун Африкийн Буркино Фасо улсын Гадаад хэргийн сайдын албыг 2010-2012 онуудад хашиж байсан Мишель Кафандо тус улсын Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тухай “www.rbc.ua” мэдээллээ. 27 жилийн турш засгийн эрхийг атгасан экс Ерөнхийлөгч Блэз Кампаоре энэ сарын эхээр огцорсон билээ. Сөрөг хүчнээр удирдуулсан хэдэн мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгчөө суудлаас нь түлхэн унагаасан юм.  Дээрх хэрэг явдлын дараа армийнхан Засгийн эрхийг авсан билээ.  Армийнхан Буркино Фасо улсад өрнөөд буй эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд түр Засгийн газар байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өчигдөр армийнхан Ерөнхийлөгчийг сонгон шалгаруулах  хороо, ард түмний төлөөллүүд ярилцаж, Гадаад хэргийн сайд, НҮБ-ын элчээр ажиллаж байсан Мишель Кафандог улсынхаа Ерөнхийлөгчөөр томилох нь зөв хэмээн санал нэгдсэн аж.  Кафандо Ерөнхий сайдыг нэрлэх бөгөөд мөн Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх юм.   Ирэх оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болжээ. Тэр өдрийг хүртэл Ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгчээр Мишель Кафандо улсаа удирдах гэнэ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ