Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх хуралд оролцож байна

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-20-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн "Бээжин +20" бага хуралд оролцож байна.

s

Тус хурлаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

s

"Бээжин +20" бага хурлаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал үг хэлж, Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах чиглэлээр чармайн ажиллаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг шат дараалсан үндэсний арга хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлэхийн төлөө эрмэлзэл дүүрэн ажиллаж, тодорхой амжилтанд хүрч байгааг онцлон, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүн амын бүлгүүдийн болон гэр бүлийн хөгжлийг хангах талаар хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа илэрхийлсэн байна.

s

Мөн Монгол улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангуулж байгаа тухай дурьдав. Түүнчлэн сүүлийн 20 жилийн хугацаанд эх нялхасын эндэгдлийг бууруулах, хоол тэжээл амьдралын чанарыг дээшлүүлэх, эхийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад тодорхой амжилт олж, 2015 онд эхийн эндэгдлийг бууруулах амлалтаа биелүүлээд байгааг тусгав.

s

Энэхүү бага хурлаар жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийллийн гэрч,  хохирогчийн хамгааллын асуудалд мөн анхаарал хандуулж хэлэлцэж байгаа бөгөөд уг хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг оролцож байгаа аж.

s

"Бээжин +20" бага хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаарх "Ази, Номхон далайн бүсийн Сайд нарын Тунхаглал"  баримт бичгийн төслийг хэлэлцэж батлах бөгөөд уг баримт бичиг нь 2015 онд энэ асуудлаар болох олон улсын зөвлөлдөөнд Ази, Номхон далайн бүс нутгийн байр суурь болох ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ