
Украины Засгийн газар болон салан тусгаарлагчид хоорондоо
гал зогсоох гэрээг өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр амжилттай байгуулсан
билээ. Тэгвэл энэхүү гэрээ бодит байдал
дээр хэрэгжээгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Гал зогсоох гэрээ хүчин
төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 1000 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Хүний
эрхийн байгууллагаас “Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээ хэрэгжиж
эхэлснээс хойш өдөрт 13-15 хүн амиа алдсан. Гэрээ байгуулснаас хойшхи найман долоо
хоногийн дотор 957 хүн амиа алдсан” гэж мэдэгджээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар
Антонио Гутеррес мэдэгдэхдээ “Салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа
тогтоохоор санаархаж эхэлснээс хойш нийтдээ тус бүс нутгаас 900 мянган хүн
дүрвэсэн. Тэдний тал хувь нь Оросын Ростов мужид байршаад буй” гэжээ. Тэрбээр
төгсгөлд нь Ерөнхийлөгч Петр Порошенкогоос Донецк, Луганск мужийн оршин
суугчдыг анхааралдаа авахыг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ