Парламентын ордон руу дайрчээ
Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн их, дээд сургуулийн
оюутнууд өчигдөр парламентын ордонг эзлэхийг завдаж, цагдаагийнхантай
мөргөлдсөн байна. Ордны хамгаалалтын ажилчид жагсагчдын эсрэг нулимс
асгаруулагч хэрэглэж, албан хүчээр тараасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Ройтерс”
агентлаг “Оюутнууд парламентын ордонг эзэлж чадаагүй ч ордны өмнөх замыг нь
эзэлж, майхнаа босгож эхэлсэн. Тэд ордноос хэнийг ч гарахгүй, оруулахгүй
байгаа” гэж мэдээлжээ. Мөн 2000 гаруй оюутан Хонконгийн цагдаагийн төв байрны
өмнө жагсаал хийж, цагдаа нарт баригдсан “шүхэрт хувьсгал” санаачлагчдын нэг
Жосеф Хоныг суллахыг шаардсан байна. Тэдний эсрэг цагдаагийнхан даралттай ус
ашиглаж, 11 оюутанг баривчилсан ч удалгүй суллажээ.
Баригдсан оюутнуудын нэг Кейни Лун ярихдаа “Цагдаа нар биднээс энэ жагсаалын ард хэн байна, хэн та нарыг санхүүжүүлж байгаа” гэж асуусан. “Жагсаалын ард хэн ч байхгүй. Бид ардчилал, тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй” гэхэд цагдаа нар үл итгэсэн байдал үзүүлж, “Барууны гар, хөл” гэж биднийг доромжилсон” гэжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Хонконгийн захирагч Лин Чун-Иен “шүхэр хувьсгал”-ын ард барууны орнууд байгаа хэмээж “ВВС” агентлагийн цахим хуудсыг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Тэрбээр “Жагсагч оюутнуудыг барууны хэвлэлүүд өдөөн турхирч байна” хэмээгээд “Ройтерс”, “AFP” агентлагт сануулга өгсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ