Украины Засгийн газрыг шүүхэд өгчээ
2014-12-01

Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины зүүн хязгаарын Грабово хотын ойролцоо осолдсон билээ. Онгоцонд 280 зорчигч болон багийн 15 гишүүн байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Амиа алдсан нэгэн зорчигчийн ээж Украины Засгийн газрыг зүүн хязгаарт эрхээ тогтоосон салан тусгаарлагчдад хяналт тавиагүй хэмээн буруутгаж Европын хүний эрхийн шүүхэд өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.


“МН17”-д Германы дөрвөн иргэн зорчиж явсан юм. Эдгээр амиа алдсан зорчигчийн нэгнийх нь ээж Украины Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна. Шүүхэд хандсан эмэгтэй “Миний охин дэндүү эрт амиа алдсан. Тэр минь дөнгөж 22 настай байсан. Украины Засгийн газар зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчдад хяналт тавьж чадаагүйн улмаас онгоц сүйрсэн. Хэрвээ салан тусгаарлагчдад алдсан бүс нутгуудынхаа агаарын хилийг хаасан бол “МН17” тэдний харвасан пуужинд оногдож, охин минь амиа алдахгүй байсан” гэж ярьсан байна.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин