Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдтэй уулзав
Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжүүд болон тэдгээрийн гэр бүлийнхний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхнийх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн тус байгууллага аж.
a
Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ суудаг ээж нар тулгамдсан асуудлаа эмэгтэй гишүүддээ хэлж байлаа. Тэд гол төлөв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадаагүй ээж, аавуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатайг хэлж байсан юм.
a
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн анхаарал хандуулдаг нэг чиглэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал байдаг. Тоо баримтаас үзвэл дэлхийд 650 сая гаруй буюу нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг судалгаа бий. Монгол Улсад нийт хүн амын 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг, энэ үзүүлэлт олон улсын дунджаас доогуур байгаагийн шалтгаан нь оношлогоо, эмчилгээ дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ удаагийн УИХ-д сууж буй 11 эмэгтэй гишүүн яг энэ чиглэлээр цөөнгүй ажил хийсэн. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтой” хэмээн танилцуулсан юм.
a
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшүүлэх, боловсрол эзэмших бололцоог хангах үүднээс бодлого, эрхзүйн баримт бичгийн тал дээр ажиллах болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эмэгтэй гишүүд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой гарсан журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно. Түүнчлэн бүх төрийн байгууллага хуульд заагдсан үүргээ биелүүлж хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлтийг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн "Ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын төлөөлөл болсон ээжүүдийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох тал дээр бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ.
a
Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс хөгжлийн билэгдэл болгон унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд дурсгав. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа монгол унага хийх гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ