Энэ сарын 14-нд Их Британийн нийслэл Лондон хотноо гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээн болно. Энэ жилийн тэмцээнд 125 орны гоо бүсгүйчүүд шилдгийн төлөө өрсөлдөж буй. Германы “www.ibtimes.co.in” сайт дэлхийн миссийн төлөө өрсөлдөж буй гоо бүсгүйчүүдээс дараагийн дэлхийн мисс болох магадлалтай 10 бүсгүйг санал асуулгаар тодруулжээ.
Энэтхэгийн гоо бүсгүй Коул Рана
Коул Рана 1993 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо мэндэлжээ. Тэрбээр Энэтхэгийн их сургуулийн хуульзүйн ангийн III курсын оюутан аж. Рана 2013 онд “India 1” телевизийн бүтээл “Хөөрхөн охин” кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар Коул Рана хамгийн хөөрхөн 10 бүсгүйн нэг болжээ. Түүний төлөө 68 мянган хүн саналаа өгчээ.
Бразилийн гоо бүсгүй Жулиа Гама
Жулиа Гама 1995 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо мэндэлжээ. Тэрбээр Канадад сэтгүүлч мэргэжлээр суралцдаг байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар тэрбээр хамгийн “хөөрхөн бүсгүй”-ээр тодорчээ. Түүний төлөө 89 мянган хэрэглэгч саналаа өгчээ. Мөн Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф эх орноо төлөөлөн оролцож буй гоо бүсгүйн төлөө саналаа өгөхийг ард түмэндээ уриалжээ. Ерөнхийлөгч “Жулиа Гама дэлхийн мисс болно. Харж л байгаарай” хэмээн жиргэсэн удаатай.
Индонезийн гоо бүсгүй Мариа Астериа Састрауи
Мариа Астериа Састрауи 1995 оны аравдугаар сарын 3-нд өдөр мэндэлжээ. Одоо 18 настай. Тэрбээр 10 настайгаасаа загвар өмсөгчөөр ажилласан бөгөөд 2008 онд “Индонезийн гоо охин” тэмцээний тэргүүн байранд орж байжээ. Мариа загвар өмсөхөөс гадна зурах авъяастай. Өнгөрсөн жил Жакартаа хотноо өөрийн уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэрбээр “Харвард”-ын их сургуулийн хуулийн ангид элсэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Кенийн гоо бүсгүй Идах Нгима
Идах Нгима 1992 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Кенийн нийслэл Найроби хотноо мэндэлжээ. Идах Бостоны их сургуульд түүхч мэргэжлээр суралцдаг байна. “ABS” сайтад бичсэнээр түүнийг өнгөрсөн жил 12 жилийн боолчлол киногоор “Оскар”-ын туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн, жүжигчин Лупита Нионгогийн хамаатан гэжээ. Жүжигчин бүсгүй дүүгээ дэмжихээр хэдийнэ Лондонд иржээ.
Гайана улсын гоо бүсгүй Рафиеа Хусайн
Рафиеа Хусайн 1993 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мэндэлжээ. Тэрбээр 2005 оноос эхлэн аав, ээжийнхээ хамтаар Лондонд амьдарч эхэлжээ. Хусайн банк санхүүч мэргэлжлээр Лондоны их сургуульд суралцдаг. 2011 онд Гайана улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд V байранд шалгарч байжээ. 2010 онд тэрбээр реппер 50 сентийн “Love and money”дууны клипинд тогложээ.
Филиппинийн гоо бүсгүй Валерие Уеигман
Валерие Уеигман 1989 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр мэндэлжээ. Тэрбээр энэ удаагийн дэлхийн мисс тэмцээнд оролцож буй гоо бүсгүйчүүдээс хамгийн ахмад нь аж. Валерие Филиппинийн их сургуулийн хууль, эрхзүйн ангийг өнгөрсөн жил төгссөн бөгөөд одоо нэгэн хуулийн фермд ажилладаг байна.
Болив улсын гоо бүсгүй Андреа Форфори
Андреа Форфори 1991 оны наймдугаар сарын 23-нд мэндэлжээ. Одоо 23 настай. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна хөтлөгч мэргэжилтэй аж. 2010 оноос эхлэн Боливийн “NB33” телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Андреа 2012 оны хоёрдугаар сард Британийн “ELLE” сэтгүүлийн хуудсыг чимсэн анхны Боливийн загвар өмсөгч аж.
Өмнөд Африкийн гоо бүсгүй Ролене Страусс
Ролене Страусс 1993 оны есдүгээр сарын 6-нд Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбург хотноо мэндэлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Мисс авьяас” төрөлд гуравдугаар байранд шалгарчээ. Ролене долоон жилийн турш сонгодог бүжгээр хичээллэжээ.
Голландын гоо бүсгүй Татжана Маул
Татжана Маул 1993 оны нэгдүгээр сарын 1-нд мэндэлжээ. Твиттер хэрэглэгчид Татжанаг “хамгийн хөөрхөн нүдтэй” гоо бүсгүйгээр тодруулжээ. Түүний төлөө 21 мянган хүн саналаа өгсөн байна. Тэрбээр Голландын эзэн хааны нэрэмжит “Угсаатан” дээд сургуульд суралцдаг.
Их Британийн гоо бүсгүй Сарина Туррел
Сарина Туррел 1994 оны дөрөвдүгээр сарын 19-нд Лондон хотноо мэндэлжээ. Лондончууд Сарина Туррелийг дараагийн дэлхийн мисс болно хэмээн итгэл хүлээлгэж буй. Тэрбээр Оксфордын их сургуулийн түүхийн ангийн оюутан аж. Сарина 2007 онд “Британийн гоо охин”-оор тодорч, Хатан хаан II Элизабетаас шагнал авч байжээ. Тэрбээр герман, франц, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг