Хуулийн төслүүдийг батлав
УИХ-ын
чуулганы нэгдсэн
хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд
нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Бизнес эрхлэгч
иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн
замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм.
Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр
нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал
байгаа учраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх
арга хэмжээнд хамруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох
нэмэлт, өөрчлөлт оруулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн
өөрчлөлтөөр нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх
боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн
зохицуулалтыг өөрчилж буйтай холбогдуулан ажиллагааны төрөлд “эд хөрөнгийн
үнэлгээ тогтоолгох” ажиллагааг нэмж оруулах, төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө
мэдүүлэх үүрэгтэй байх, түүнчлэн төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн мэдүүлгээ
өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дансны
мэдээлэл авах боломжийн талаар хуульчлан зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал
гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг
батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн
76.7 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг баталж, хуулийг ердийн журмаар мөрдөхөөр болов. Хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх юм.
Мөн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улс орны эдийн засгийг эрчимжүүлэх
100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Засгийн газраас
санаачлан боловсруулсан уг хуулийн төслөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд
заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой
хувиар бууруулан доод үнийг тогтоохоор зохицуулжээ. Мөн дуудлага худалдааны үнэ
тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой болгож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны
болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж
зохицуулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй
асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул
Байнгын хорооны саналын томъёоллоор хуулийн төслийг батлах санал хураалгахад
нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжсэнээр Иргэний хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ