“Шилдэг бүтээлийн уралдаан”-ы дүн гарч, сэтгүүлчид шагналаа гардлаа
ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс санаачлан
хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийн хүрээнд сэтгүүлч,
уран бүтээлчдийн дунд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ны дүн гарч, 12-р сарын 4-ний өдөр шилдгүүд шагналаа
гардлаа.
Энэхүү уралдаанд сонин сэтгүүл, вэбсайт,
ФМ радио, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн нийт 113 бүтээл ирснийг ангилал тус
бүрээр нь эхний 3 байр болон тусгай байруудыг шалгарууллаа. Уралдааны
шалгаруулалтыг явуулахдаа сэтгүүлзүйн үндсэн зарчим болох эх сурвалжийн
баталгаатай эсэх, тоо баримт, найруулга зүйн өндөр түвшинд нийтэлсэн эсэх, өнгө
дүрсийн чанар, тухайн бүтээлд хэр ажиллагаа орсон зэрэг үзүүлэлтээр дүгнэн байр
эзлүүлжээ.
Энэ жилийн хувьд тус уралдааны хүрээнд
сонин сэтгүүл, вэбсайт, фм радиогийн сэтгүүлчдийг хамруулахаас гадна олон
нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд уриалга гаргах, инфографик постер бүтээх
уралдааны төрлийг энэ онд нэмснээрээ онцлог боллоо.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нэгэн томоохон зорилго нь олон нийтэд хавдрын өвчний талаар ойлголт мэдлэг өгч, үзлэг оношилгоонд хамрагдах дадал хэвшлийг сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан олгох байдаг хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Түүнчлэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-г хамтран
хэрэгжүүлдэг ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний
олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн хамт олон өнөөдөр аяны үр дүнгээ
дүгнэлээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг
хэрэгжүүлж эхэлснээс хойш улс орон даяар нийт 68.400 иргэнийг хавдрын бүх
төрлийн үзлэг оношилгоонд хамруулж, 3157 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг
сургалтанд хамруулж, 1363 сайн дурын идэвхтнийг бэлтгэжээ. 2011 оноос хойш
хэрэгжүүлсэн аянд ХААН Банк Сангаас нийт 543 сая төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй орон даяар байрлах
Салбар нэгжийн сайн дурын ажилтнуудаараа дамжуулан иргэдийн эрүүл энхийн төлөө
үнэтэй хувь нэмэр оруулжээ. “Хавдрын эсрэг үндэсний аян” ыг 2015 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтрагч
байгууллагууд
шийдвэрлэлээ.
“Шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан
сэтгүүлч, уран бүтээлчдийн бүтээлийн дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ