Хуучин сайдаар түлшээ хийгээд адармаатай аялалд гарав
Засгийн газар бүрдэх гэж чамгүй мундраа хутгалаа. Эдийн засаг, засаглалын хямралаас гарахын тулд яаралтай танхимаа бүрдүүлэх ёстой шүү гэх олон нийтийн эсэргүүцлээс үүдсэн үү, эсвэл шалавхан сандал ширээгээ хуваагаад авчихаад төсвийн тодотголоор дараагийн хоолоо таваглая гэж шийдсэн үү чихэн дүлий нүдэх балай баахан нэрс оруулж ирээд намууд Засгийн танхимын бүрэлдэхүүний хувилбарыг гаргаад ирлээ. Кинон дээр Богд хаан юун дээр тамга дарчихав аа гэж гайхширдаг шиг намууд сэхээ орж амжаагүй байтал эхний фракцууд үг хэлээ билүүдээд эхлэв.
df
Цэнхэр дэлгэцээр Фортуна Батбаяр УИХ-ын даргыг чичлэн засаг унагаасан гэмтнээр зарлаж өшөө хорслоо авна гэж согтуу зарласан болохоос ихэнх гишүүд суудал дээрээ тогтож ядтал хөлчүүрхсэн байлаа. Хөөрхийсийг Ц.Нямдорж гишүүн яаж чуулганы хуралдааны хаалгаар ганцаараа оруулахгүй сугадаж өрөөнд нь хүргэж чадах билээ дээ. Уг нь мань хашир цагтаа О.Дашбалбар гишүүнийг халамцахаар нь хаалган дээрээс нь баривчлаад л өрөө рүү нь авааччихдаг байсан хур туршлагатай нэгэн. Энэ удаад ганц дайчин ганцаардав бололтой. Чуулганы танхим гомдсон баярласан гишүүдийн амнаас ханхлах этилийн спиртийн эхүүн үнэрт агаар солив. За тэр ч яахав ямартай ч эзэнгүй гүйцэтгэх засаглал ирэх долоо хоногоос амь орох төлөвтэй. Парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл орчихсон болохоор автоматаар сайдын сандал дээр сууна. Ерөнхийлөгч хориглох сонирхол алга. Нийгэм эдийн засгийн байдал хүндэрчихсэн, ямар ч Засгийн газар 1,6 жилийн дотор энэ хямралыг эмх цэгцэнд оруулах нь юу бол гэсэн төлөв ажиглагдаад байхад тэгж рекламны пауз хийгээд яахав дээ гэж бодсон хэрэг. Асуудалтай сайд нар олноороо нэр дэвшсэнийг олон гишүүн шүүмжилж байсан ч дэмжихээ илэрхийлсэн нь би үхэхээр чи үх гэж хэлж байгаатай адил. Өнгөрсөн Засгийн газрын танхимын хэнбугайд ч хариуцлага тооцохгүй нь. Н.Алтанхуягийн нөмөрт хоргодсон газар агентлаг, олон сангуудын но-той албан тушаалтнууд хөөрхий Гансүхээр туг тахиад ард нь сугарч үлдэв. Хойдохоо биш урдахаа харж ажиллая гэж Ерөнхийлөгч уриалж улстөрийн намууд дэмжсэн нь тэдэнд зол болов бололтой. Уг нь идэж уусан уртаас урт жагсаалт МАН-д бий гэж нөхдүүд мэдэгдэж байсан юм. Хөнжлөө нөмөрсөн болохоор хөхөө өвлийн хүйтнээр сиймхий гэрээ хэдэн жоомноос болж нураахын хэрэг юун. Гэхдээ л хар жагсаалт бий шүү гэдэг нь эрээчсэн тийм цаас байсан байгаагүй ч АН-ы сэрвээний үсийг босгосоор байх болно.
df
Галт тэрэг яваад эхлэх нь. Удаан зогссон галт тэргийг байрнаас хөдөлгөх хэцүү. Аажим аажмаар галлан хямралын жаварт хөлдсөн эд ангийг нь уясааж тохирох хэмжээгээр зуухаа түлшээр галлах учиртай. Гадаадын зээл тусламж, Оюутолгой, Таван толгойг эхний ээлжинд ашиг багатай ч үйл ажиллагааг нь сэргээж хөрөнгө оруулагч нарт найдвар төрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд амласан зээл тусламжаа их үнэ төлөх хэдий ч яаралтай олгох, иргэдийн бухимдлыг түр ч атугай намжаах цалин тэтгвэрийн нэмэлт, инфляцаа 20 хувь луу нисгээд алдчихгүй барих гээд баргийн зоригтой хүн халгамаар алхмууд хүлээж байна.
df
Юун түрүүн энэ Засгийн газар бол нөгөө муу Норовын хүүгийнх биш шүү гэсэн сэтгэгдлийг гадаад дотоодод төрүүлэхийн тулд тэднээр түлш хийх учиртай. Ерөнхий сайд өөрөө өмнөх засгийн хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайд байсан хүн тул муу нэрээсээ салахын мөн болж байгаа. Энэ танхимд ч хуучнаас улиран суух сайд цөөнгүй. Бий. Тиймээс царцсан галт тэргийг хөдөлгөх эхний түлээ бол Н.Алтанхуяг. Зууханд орохоор жижигхэн ч мах шөл арвинтай болохоор гайгүй түлш болчихно. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Сангийн хуучин сайд. Хэсэгтээ л овоо дүрэлзэнэ. Өмгөөлж хамгаалах ч хүн олдохгүй амар. Хуучны тостой хар дэр мод болохоор давгүй ч шатаж таарна. За тэгээд фортуна Батбаяр, Лу. Болд, Н.Удвал гээд түлээнүүд ар араасаа цувраад энэ Засгийн газрын галт тэргийг хэсэгтээ л түлшээр гацаахгүй. Удтал зогссон болохоор аажим боловч хөдлөөд ирэхээр зорчигч бид чинь баярлана. Олонхийн уур амьсгалд цонхны цан арилна. Гадаад ертөнц ч нүднээ ил болно. Үүн дээр нь гадны зээл тусламжийг яаравчлуулж, зорчигчдынхоо бээрсэн уруулыг бүлээцүүлэх аяга хар цай, цайны жигнэмэгтэй дөхүүлээд өгчихвөл хэсэгтээ л нуруу тэнийнэ.
df
Нийтийн тасалгаанд үлдсэн бие даагч гишүүдийг хуурах амаргүй ч тэд хөдөлсөн галт тэрэгний цонхоор хоолой мэдэн ориллоо ч цувааны ар луу аажим аажмаар шахах учир санаагаа чилээх хэрэггүй. Ингээд л галт тэрэг гольдролоороо жирийнэ. Гэхдээ огт замгүй буюу ган төмөр тахийж мухийсан замаар шүү. Зам барих, засчих тэнхээтэй хүн машинист, туслах машинистаас өөр байхгүй. Хэдэн үйлчлэгч чиглэлийн бус сайд нартаа найдалтай нь биш.
df
Өндөр эрсдлээр дүүрэн өртөөндөө эсэн мэнд хэзээ хүрэх эсэх нь тодорхойгүй адармаатай аянд бид гарлаа даа. Бурхандаа залбирахаас өөрөөр яах билээ дээ.
df
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ