Х.Тэмүүжингийн дэлгэсэн хөзөр тайллаа оллоо
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин олон нийтийн мэдээллийн цахим хуудсаар дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэсэн нь олны анхаарлыг татаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн. Энэ асуудлын талаар өчигдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа болон “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан нар мэдээлэл хийж Х.Тэмүүжин сайдын дэлгэсэн энэхүү гүйлгээний учрыг дэлгэрэнгүй тайлбарласан юм.
1
Хэвлэлийн хуралд ирсэн Ч.Бямбаагийн хувьд Алтан дорнод Монгол компанийг С.В.Паушок хариуцаж байх үед тус компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан нэгэн юм. С.В.Паушок Арбитрын шүүхэд ялагдсаныхаа дараа түүнийг Тэргүүн дэд захирлаараа ажиллуулах саналыг анхлан тавьж байсан гэдэг.
1
Энэ талаар Ч.Бямбаа “С.В.Паушок бид танилууд байсан учраас тэрээр надад тэргүүн дэд захирлаар ажиллах санал тавьсан. С.В.Паушок 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд надад итгэмжлэл хийж өсгөн. Уг итгэмжлэлээр би тэргүүн дэд захирлаар томилогдон гэрээ байгуулан ажилласан. Удалгүй тэрээр намайг Москвад дуудан би цаашид ажиллаж чадахгүй юм байна. Монголын Засгийн газартай учраа олж чадахгүй нь. Тиймээс компаниа зарсан нь дээр гэдэг асуудлыг тавьсан. Ингээд би найз нөхөдтэйгөө ярилцаж байгаад ажиллаж болох юм байна гэдэг үүднээс уг компанийг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийн төлбөрийн нөхцлөө тохирсон. Төлбөрийн эхний нөхцөл бол би 2 сая ам.долларыг яаралтай шилжүүлэх байв. Ингээд би 2 сая ам.долларын олохын тулд байнга харилцдаг “Голомт” банкинд учраа хэлэн зээлийн гэрээ хийн 2 сая ам.доллар аван түүнийгээ шууд С.В.Паушокт төлсөн байгаа. Хуучин 2000 мянган хүн ажиллаж байсан энэ компанийг цаашид үйл ажиллагааг нь явуулахыг хүссэн ч ШШБЕГ-аас өрөө гүйцэд төлтөл ажиллуулахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан юм. Мөн Татварын ерөнхий газартай ярилцан гурван жилийн хугацаанд (70-аад тэрбум төгрөгийн өр, нийт 150 тэрбум төгрөгийн өртэй байсан) өрөө барагдуулья хэмээн тухайн үеийн дарга байсан Баттөмөртэй ярихад тэрбээр хуулиараа 75 хоног л байдаг гэсэн хариуг өгсөн. Түүнчлэн УИХ дээр энэ асуудал яригдан АН-ын нөхөр энэ компанийг авчихлаа, цаана нь хэн байгаа вэ зэргээр ярин ажиллахад маш төвөгтэй болж эхэлсэн. Сангийн сайд, Татварын албатай ярьж үзсэн ч компанийг нээн үйл ажиллагааг нь явуулаагүй.
1
Компани үйл ажиллагаа явуулаагүй учраас бүх зүйл зогсонги байдалд орсон. Гэтэл “Голомт” банкнаас богино хугацаатай авсан 2 сая ам.долларын зээлээ яаралтай төл гэх шаардлагыг тавьсан. Тухайн үед “Голомт” банк танай компанийг худалдаж авах сонирхолтой өөр хүн байж болох юм гэхэд би ер нь энэ ажлаас холдохоор шийдсэн. Тэр дунд өөр компани орж ирж гэрээ байгуулан одоогийн Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд “Голомт” банктай гэрээ байгуулан С.В.Паушоктой очиж уулзан мөн гэрээ байгуулан худалдаж авсан юм. Тухайн үед болсон үйл явдал бол энэ. Ингээд гол асуудалдаа орж, 4 сая ам.долларын төлбөрийн баримтын талаар дэлгэрэнгүй тайлбарлъя. Цахим ертөнцөөр яригдаад байгаа төлбөрийн хуулга нь 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нотариатаар баталгаажсан хувилбар нь байгаа юм. Уг 4 сая ам.долларын гүйлгээг 2011 оны есдүгээр сарын 22-нд хийсэн. Энэ хуулган дээр байгаа 4 сая ам.доллар бол миний С.В.Паушокт төлсөн 2 сая ам.доллар болон тухайн үед уг компанийн ажилчдын цалин болон татварын өрийг барагдуулахын тулд би найз нөхдөөсөө болон өөрөөсөө гаргасан мөнгөний нийлбэр.
1
Энэхүү 4 сая ам.долларыг Д.Ганболд надад буцаагаад Голомт банкаар дамжуулж төлсөн. Үүнийг л өөр зүйлтэй холбон яриад байгаад би өнөөдөр их гайхаж байна. Үүний цаана ямар ч авилга байхгүй, цэвэр бизнесийн зорилгоор хоёр компанийн хооронд болсон өгөө авааны асуудал юм. Энэ бүх баримт надад бий. Шаардлагатай бол бүгдийг нь үзүүлж, шалгуулахад бэлэн байна. Энд мөн “Голомт” банктай холбоотой харилцагчийн асуудал яригдаж байгаа учраас тухайн үед тус банкны ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгаланг энэхүү хэвлэлийн хуралд хамт очихыг хүссэн юм” гэлээ.
1
Түүнийг энэхүү мэдээллийг өгсний дараа “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Би тухайн үед “Голомт” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. Алтан дорнод Монгол компанийг Арбитрын шүүхэд ялагдсаных нь дараа монголын нэлээд томоохон 5-6 компани тус компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд болон шууд бус утгаар ярьж байсан. Тухайн үед Алтан дорнод Монгол компанийн бүх лиценз болон өмч хөрөнгүүд манай “Голомт” банкны барьцаанд байсан. Тиймээс манай банкны нэлээд том харилцагч байсны хувьд заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан юм. Бидний зүгээс Алтан дорнод Монгол компанийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох учиртай юм. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явж байсан. Харин сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа.
1
Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд болон төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаатай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байна. Үүнийгээ би хэзээ ч, хаана ч хэлэхэд бэлэн байгаа” гэсэн юм.
1
Ц.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ