ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт томилогдов
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар үргэлжилж байна.
ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Засгийн газраа байгуулах ажлыг өдрийн цагаар хийж байгаад талархаж байна. С.Баярцогт бид хоёр олон жил улс төрд явж байгаа хоёр. С.Баярцогтын тухай ярихад өөрийн эрхгүй Оюутолгойн асуудал хөндөгддөг. Оюутолгойг зөв явуулах хэрэгтэй. Оюутолгойтой адилхан Эрдэнэт үйлдвэр манайд бий. Гэтэл үр ашиг нь өөр байна. Манайхаас зэс, алт гарч байдаг. Мөнгө нь орж ирэхгүй байна. 10 ам.доллар тутмын дөнгөж гурав нь орж ирээд, долоо нь алга. Монгол Улсын эдийн засагт нэг тэрбум ам.доллар орж ирээгүй байна. Гэрээнд байгуулсан заалтад мөнгөө гадаадад байршуулж болно гээд заачихсан байгаа. Тийм учраас валют нь орж ирэхгүй байна. Өнөөдөр бондын хүүнээс 50 хувь өндөр үнэтэй зээлээр хийсэн. Эрдэнэт үйлдвэрээс том хот боссон. Гэтэл Оюутолгойн ордод түр байршил л байна. Тийм учраас би чамайг дэмжиж чадахгүй.
УИХ-ын гишүүн Д.Арвин:
-Шүүмжлэл шударга байх ёстой. С.Баярцогт гишүүн хоёр өдөр дараалан хүний шүүмжлэлд хариуллаа. Оюутолгойн гэрээг хэн хийсэн бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тухайн үед МАН-ын бага хурал хуралдаж, хоёр нам Засгийн газарт хамтраад Оюутолгойн гэрээг батлах шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг уул уурхайн талаар сайн мэднэ гээд гардаж хийсэн. Тухайн үеийн Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт гэдэг хүн бас хийсэн. Харин одоо С.Баярцогт Оюутолгойн гэрээг дахин засварлах үүрэг авч байна. Үүнийг сайн хийгээрэй. Дансны асуудал мөн яригдаж байгаа. УИХ-ын дэд дарга байхдаа алдаагаа ухамсарлаад хариуцлага хүлээсэн. Тийм учраас УИХ-ын гишүүдийг шүүмжлэлийг тусгаж авч, доромжлолын эсрэг зогсох зориг танд байгаа. Тан руу чиглэсэн шүүмжлэлийг би хоёр янзаар хүлээж авч байгаа гэлээ.
Гишүүд саналаа хэлсний дараагаар ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг дэмжих санал хураалт явууллаа. Ийнхүү гишүүдийн 75 хувийн саналаар С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ