Ц.Нямдорж: Хулгай битгий хийгээрэй
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг
томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Гадаад хэргийн сайдад Л.Пүрэвсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Би энэ Засгийн бүх сайд нарт хамаатуулж үг хэлж байна. Холион бантан болсон Засаг байгуулагдаж байна. Сайд нарын ч зэрэг уналаа. Уг нь Ч.Сайханбилэгийг хугацаа бага учраас ажлаа шууд хийгээд явчих мэргэжлийн хүнийг томилох болов уу гэсэн чадсангүй. Харамсаж байна. Сайд нар томилогдоод даруухан байж үзээрэй. Үндсэн ажилдаа ойртдоггүй, гадаадад тэнүүчлээд явчихдаг, телевизээр яриад байдаг сайд нарыг бишгүй л үзлээ. Түрүүчийн Засгийн сайд нар муухай худалч сайд ар байсан. 2300 км авто замыг барилаа гээд л худлаа ярьдаг байсан. Худлаа ярьдаг юмыг сайн зохион байгуулж байсан хүн нь өөрөө шүү. Комсоломынхон үүнд сайн. Хоол идэж байгаа тогооноосоо хулгай битгий хийгээрэй. Тендерийг танил талдаа өгөөд, худлаа яриад эхлэхээр төрийн ажлыг самардаг юм. Хулгайд холбогдсон нөхдөөсөө хурдан зайлж аваарай. Засгийн газрын хугацаа богино. Мэргэжлийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаа яамдаа бүрдүүлээрэй. Ингэхгүй бол ажил явахгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн бус хүнээр яамдыг дүүргэснээс ажил нурсан шүү.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Гадаад харилцаандаа сайн анхаараарай. Гадаадынхан бидэнд итгэл алдарсан шүү. Тэр байтугай иргэдийн итгэл төрд алдарсан. Хоёр хөршийн удирдагчид манайд айлчиллаа. Хоёр хөршийнхөө дэргэд бид сумын цол ч үгүй хүмүүс шүү. Бид экспортоороо 90 хувь урд хөршөөсөө хамааралтай. Засагт хамтраад эдийн засгийн хямралаас гарна гэж худлаа. Хямралыг засч гаргах асуудалд гол нөлөө үзүүлэх хүмүүс нь хоёр хөрш шүү. Зангарагтай, нэр хүндтэй яваарай.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Монгол Улсын гадаад нэр хүнд маш муу байгаа. Үүнд анхаарч ажиллаарай. Монгол Улс гадаад бодлогоо зөв авч явах нь таны хариуцах ажил болохоор ухаалаг алхам хийгээрэй. Гадаадын иргэдийн асуудал ч хөндөгдөж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүн харилцааг хардаг.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Гадаад харилцааны салбарын боловсон хүчний бодлогод анхаарал тавих цаг болоо юу даа. Энд тэнд явж байхад Элчин сайдын яамдад мэргэжлийн бус хүмүүс байх юм. Жендерийн асуудлыг ч харах цаг болжээ. Хоёр хөршийн харьцаанд дээд зэргээр анхаарах хэрэгтэй. Мөн Монголд гуравдагч хөршийн асуудал чухал. Гадаад харилцаанд уламжлалт бус шашны асуудал үүсч байгааг анхаараарай.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Монгол төр гэж бага яриад Монгол хүн, зах зээл гэж их яриасай. Ерөнхий сайд эдийн засаг гэсэн утгаарай ажиллаасай. Элчин сайдын яамдадаа агаарын бохирдлын чиглэлээр албан даалгавар хүргүүлээсэй. Агаарын бохирдлыг бууруулахад юу хийж болох нь вэ. Уур амьсгалын өөрчлөлтийн дүрвэгсэд гэсэн асуудал яригдах болсон. Энэ нь малчдад нөлөөлж байгаа. Энэ асуудлаар ажиллаасай.
Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ