ГХ-ийн сайдаар Л.Пүрэвсүрэнг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох
асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гадаад хэргийн сайдад Л.Пүрэвсүрэнг
томилох асуудлыг хэлэлцлээ.Л.Пүрэвсүрэн Москва хотын Олон улсын харилцааны
дээд сургуулийг төгссөн. ГХЯ-ны
Захиргааны хэлтэст атташе, Улаанбаатар
дахь Германы ЭСЯ-нд орчуулагч, ГХЯ-ны
Европ, Америкийн газарт атташе, Бонн
дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн
бичгийн дарга болон зөвлөх, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Гишүүд Монгол Улсыг
гадаад харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг дэмжих, мэргэжлийн хүнийг
ажиллуулахыг нэр дэвшигчид анхааруулж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Элчин сайдын яамдыг шинээр битгий нээгээрэй. Мэргэжлийн бус улсуудаа татахгүй бол ажиллах чадваргүй хүмүүс Монгол Улсын нэрийг ихээхэн гутааж байна лээ. Дипломат ачааны шошго тамгыг өөрчлөөрэй. Хуурамчаар үйлдэгдсэн байна. Дипломат ажилтнууд хэрэгт их холбогдож байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өнгөрсөн хоёр жилд 10 гаруй жилд тэнцэх хэмжээний ажилласан. Тиймээс энэ салбарыг удирдаж байсны хувьд яамныхаа хамт олонд талархал дэвшүүлж байна. 100 жилийн өмнө Гадаад харилцааны яамны улс төрийн харилцааг болиулж, эдийн засгийн хамтын ажиллагааг үлдээх асуудлыг тавьж байлаа. Бид 100 жилийн ойн дээрээ Гадаад хэргийн яамыг ууган нэрээр нь сэргээж байгаад талархаж байна. Улстөр гэдэг бол эрчимжүүлсэн эдийн засаг юм. Бизнес эдийн засгийн асуудал ярихаас илүү улс төрийн том харилцааг өргөжүүлэх нь чухал байдаг. Дээр нь иргэд хоорондын харилцааны талаар нэлээн том ажил зохион байгуулсан. Цаашдаа ч үүн дээр анхаарч ажиллаарай. Боловсон хүчин мэргэжлийн байх нь чухал. Манайд монголын дипломатыг бэлтгэх академи алга. Гэхдээ бид эхлэлийг нь тавьсан. Үүнийг дэмжээрэй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Монголчууд бид гадаадад Монгол гэдэг нэг л нэртэй. Энэ нэр маань дотроо гурав хуваагддаг. Монгол төр, иргэн бизнесмэн гэж. Гэтэл төр, бизнесийн хүрээнд холилдоод нэг цонхоор гарч чадахаа больсон. Төрийн ажлын нэрээр намынхаа ажлыг хөнддөг болсон. Үүнийг анхаарч ажиллах хэрэгтйэ байна гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. Гадаадын хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэнг томилох санал хураалт явуулахад гишүүдийн 93,3 хувийн саналаар дэмжив.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ