Н.Төмөрхүү: Зам, тээврийн салбарт гарсан ахицыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж  байлаа.  Зам, тээврийн сайдад Н.Төмөрхүүг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  нэр дэвшигчид асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Та МАН-ын байрны барилгыг барьж өгсөн. Бодлогоор орж ирэв үү, шагналаар орж ирэв үү? Хариулахгүй байсан ч болно. Яагаад гэвэл та шагналаар орж ирсэн” хэмээн асууж, өөрөө ч хариултаа хэлсэн учир нэр дэвшигч хариулсангүй.


УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар:

-Нэр дэвшигчийн анкетийг уншихад намтар нь зөрөөд байх юм. “Өндөр буянт” компанид ажиллаж байсан, Зам, тээврийн яаманд зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ. Хэдэн онд ажиллаж байсан бэ? Төмөр замын салбарын бодлогыг хэрэгжүүлж чадах уу? “Талын зам” хөтөлбөр мөн хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрхэн мэдэх вэ? Зам, тээврийн салбарт иргэний нисэхийн гэж чухал салбар байна.


-Төмөр замын асуудлыг 2016 онд ашиглалт оруулах нь чухал гэж боддог. Иргэний нисэхийн ерөнхий газарт шүүхтэй холбоотой маргаан нэлээн дуулдаж байгаа. Шүүхийн шатанд шийдэгдсэн асуудал байгаа юм билээ. Энэ салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана. Шинэ онгоц ярихаар МИАТ”-ийн асуудал хөндөгддөг. Шинэ онгоцны төлбөр түрээсийг төлөх гээд хүндрэлтэй байгаа юм билээ. Улсаас дэмжлэг үзүүлэх үү, хувьд шилжүүлэх үү гэдгийг  хэлэлцээд явах байх. Зам барихад норм дүрмийг нь эргэж харж, чанарыг нь өөрчлөх хэрэгтэй. Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх үндсэн концевци батлагдсан юм билээ. Концевцийнх нь дагуу хөгжүүлэх шаардлагатай.


УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ард түмэн хүлээлтийн байдалтай байна. Төмөрхүүгээс бусад нь салбараа мэднэ. Хамгийн шинэ хүн бол Төмөрхүү байна. Өвөрхангайн зам Баянхонгортой холбогддог. Арвайхээрээс гараад 30 км яваад байхгүй. Цаашаа Баянхонгорын замтай холбох ёстой шүү.  Танхимын зарчмаар ажиллаж чадах уу? Улсын мөнгөөр та нар мөрийтэй тоглож, яам дээр зодолдож, албан хаагчдыг халаад байж болохгүй шүү гэдгийг хэлье.


-Өмнөх Засгийн газрын олсон ололтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Засгийн газарт танхимын зарчмаар ажиллана. Аймгуудыг нийслэлтэй  хатуу хучилттай замаар холбох төсөл үргэлжлэн хэрэгжих байх.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Улаанбаатар төмөр замтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулаарай. Хоёр хөршийн удирдагчид айлчилсан. Төмөр замын бодлогод гэрээ хийгдсэн байгаа. Өмнөх  сайдынхаа хийсэн бодлогыг хэрэгжүүлээрэй.


-Гансүх сайдын үед зам, тээврийн салбарт ахиц гарсан. Энэ ахицыг сааруулахгүйгээр ажиллана.


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-“Гудамж” сайн төсөл болсон. Гэтэл яам нь татан буугдлаа. Тиймээс энэ төсөл танай яамтай холбож, үргэлжлүүлээд явах нь зүйтэй байх гэж бодож байна.  Ажилд нь амжилт хүсье.


Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ