Танихгүй танилаас болгоомжил
Та фэйсбүүктэй л биз дээ? Мэдээж байгаа. Манай улсад байх долоон зуун мянга гаруй фэйсбүүк хэрэглэгчийн нэг. Энэ цахим хуудас бидний өдөр тутмын хэрэглээ болж, нэрийг нь хүртэл “нүүр ном” гэж монголчлон хэрэглэх болжээ. Эндээс бид эх оронд болоод дэлхийн дахинд өрнөж буй өдөр тутмын мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авдаг. Хэсэг бүлгээрээ нэгдэн тусламж хэрэгтэй нэгэнд тус хүргэж байна. Үзэл бодол нэгдсэн хэсэг бүлгээрээ нэгдэж, харилцдаг. Түүгээр ч зогсохгүй олон жил холбоогүй байсан сураг алдарсан найзыгаа олж, үүгээр дамжуулан олж уулзсан гээд эерэг, давуу тал олон бий.
d
Гэхдээ сүүлийн үед фэйсбүүк хуудас ашиглаж үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Иймээс фэйсбүүкт сөрөг тал, бүр цаашилбал алив гэмт хэргийн золиос болж мэдэх аюул үүний ард нуугдаж буйг анхааруулах гэсэн юм. Фэйсбүүк хуудсаар дамжуулан бусдад мэхлүүлсэн, дарамтад өртсөн гэмт хэргүүдийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
d
Хамгийн сүүлийн мэдээллээр охид, бүсгүйчүүдтэй фэйсбүүк хуудсаар танилцан харилцаж, улмаар тэдний итгэлийг олж аван, хувийн мэдээлэл, нууц зураг зэргийг нь цуглуулаад түүнийг нь нийтэд дэлгэнэ гэж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлж байсан этгээдийг саатуулжээ. Гэмт этгээдийн гар утас, компьютерт 1075 ширхэг охид, эмэгтэйчүүдийн зураг хадгалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 /садар самууныг сурталчилах/, 149 /бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/ дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлсэн.
d
Манай улсын 7000 гаруй хэрэглэгчийн олонх нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байдаг тухай судалгаа бий. Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж.
d
Одоогийн байдлаар энэ төрлийн 39 хэрэг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй аж. Фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёр нь Монгол Улсын иргэн байгаа бол бусад нь гадаад улсын иргэн байгаа гэнэ. Иймд фэйсбүүкийн хэрэглэгчид үл таних этгээд, ялангуяа гадаад иргэний найзын хүсэлтийг хүлээн авч, танилцан хувийн мэдээллээ солилцохгүй байх хэрэгтэй юм. Цахим гэмт хэрэг үйлдэгчид өөрийн нэр, зургийг худал мэдээлдэг. Тэгэхээр танихгүй эзэнтэй фэйсбүүкийн цаана ямар зорилготой, хэн байгааг мэдэх боломжгүй юм.
d
Түүнчлэн фэйсбүүк хэрэглэгчид рүү янз бүрийн мэдээлэл үзэхийг санал болгосон, эх сурвалж тодорхойгүй мэдээлэл ирдэг. Өөрөөр хэлбэл хортой програм. Үүнийг идэвхжүүлснээр таны хэрэглэж байгаа програмын нууц дугаар алдагдах аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Ийм төрлийн хэргийг ч мөн цагдаагийн байгууллагад шалгаж буй аж.
d
Мөн гадаадын харилцагчтай компаниудад хуурамч мэдээлэл дамжуулан, хуурамч дансанд гүйлгээ оруулах, бусдын оюуны өмчийг хууль бусаар авч, ашиглах зэргээр шинэ төрлийн гэмт хэрэг гэж тодорхойлогддог цахим гэмт хэргийн төрөл нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
d
Гэхдээ цахим гэмт хэрэгт өртөх, уг гэмт хэргийн хохирогч болох эсэх нь иргэдээс шалтгаална. Өөрийн саваагүй занг багахан дарж, танихгүй танилуудаас болгоомжилж чадвал та уг гэмт хэргийн золиос болохоос сэргийлж чадах юм.
d
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ