Ард түмний хандиваар цэцэрлэг барина
Боловсрол соёлын дэвшлийн төлөө сан ТББ, NBS 1 телевиз хамтран “229-р цэцэрлэг Ард түмний төсөл”-ийг эхлүүлсэн талаар төслийг санаачлагчид Төрийн ордны зүүн талд байрлах "Лобби" төвийн хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.
s
Сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо эрс өсч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэрэгцээ шаардлаг улам бүр нэмэгдэж буй. Зөвхөн 2013 онд л гэхэд улсын хэмжээнд 80 иргэн иргэн шинээр мэндэлсэн. Энэ онд улсын хэмжээнд 240 000 гаруй хүүхэд байгаагаас 193 000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Энэ бол улсын, хувийн, хувилбарт буюу тусгай, гэр цэцэрлэгт буй хүүхдийн нийт тоо. Үлдсэн 50 000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэх албан тоо бий. Үүн дээр шилжилт хөдөлгөөний улмаас бүртгэгдээгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ажилгүй өрхүүдийн хүүхдүүдийг нэмвэл 80 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.
a
Гэртээ үлдсэн хүүхдийг эмээ өвөө, ах эгч нь харж харгалздаг ч ихэнхдээ ганцаараа үлддэгээс гэмтэж бэртэх, осолдож, амь насаа алдах зэрэг харамсалтай хэргүүд гарах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн онд НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар жилд 95 буюу сард дунджаар 15 хүүхэд энддэг гэсэн тоо гарсан. Энэ асуудлыг хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж байж шийдэх асуудал юм. Хүн амын төвлөрөл нийслэл рүү чиглэсэн өнөөгийн нөхцөлд төрийн зүгээс арга зам, бодлого, журмыг эрэлхийлж байгаа ч эрэлт хэрэгцээг хангаж чадах олон тооны цэцэрлэг баригдахгүй байгаа. Тиймээс “229-р цэцэрлэг Ард түмний төсөл”-ийг санаачлагчид төрөөс бүгдийг хүлээж суулгүй, ард түмэн төртэйгээ хамтран хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө нэгдэхийг эх орондоо амьдарч байгаа болон хилийн чанадад амьдарч байгаа монголчууддаа уриаллаа. Таны илгээсэн нэг меесэж хүүхдийн цэцэрлэг барих хоёр ширхэг тооснгоны мөнгө гэж бодож болно, таны дансаар шилжүүлсэн мөнгө гэртээ сууж байгаа багчуудад зориулагдана гэж бодоод хандив өргөөрэй. Хамгийн гол нь бид хамтарч, хийж бүтээхийн төлөө нэгдэж, болохгүй, бүтэхгүй байна гэж төр засгаа буруутгаж, цахим ертөнцөд бухимдлаа илэрхийлж суух биш ирээдүй хойчынхоо сэтгэлээ зорилуах цаг болсон гэдгийг төсөл санаачлагчид хэлж байлаа.
a
“229-р цэцэрлэг Ард түмний төсөл”-ийн удирдагч С.Соёл-Эрдэнэ:
a
“Бидний санаачлан эхлүүлж байгаа энэхүү төсөл нь сругуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүй байгаа монголын мянга мянган хүүхдүүдэд зориулж байгаа ажил юм. Монголын бүх ард түмэн нэгдэж, төртэйгээ хамтран цэцэрлэг барьж өгье гэсэн энэхүү санал санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ төслөөр нийгмийн сайн сайхны төлөө нэгдэхийг уриалан дуудаж, ард түмэн төр хоёр хамтарвал юуг ч хийж бүтээж чадна гэдгийн илрэл болох юм. Төр бүхнийг хийж бүтээх ёстой гээд алгаа тосоод суувал улс орон хөгжихгүй. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө төртэйгээ ард түмэн нь хамтрах ёстой гэж үзсэн юм. Миний мэдэж байгаагаар монголчууд хоёр удаа нэгдсэн байдаг. Тодруулбал, “Бөхийн өргөө”-г барихад, Жанрайсаг бурханыг босгоход нэгдсэн. Тэгвэл энэ удаад монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө нэгдэхийг уриалж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том бүтээн байгуулалт болно. Хойшдоо ард түмний болон байгууллага аж ахуйн нэгжийн нийгмийн сайн сайхны төлөө өргөсөн хандив тусламжаар актлагдсан, нураах шаардлагатай цэцэрлэгүүдийн асуудлыг ч шийдвэрлэх боломжтой” гэлээ.
a
Төслийн хүрээнд баригдах 229 дүгээр цэцэрлэгийг нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн аль нэгэнд барих бөгөөд хаана баривал зохихыг хэлэлцүүлэг өрнүүлж байж шийдэх аж. Нийслэлийн боловсролын газартай уулзаж ярилцан дээрх хоёр дүүргийн хэд хэдэн газарт цэцэрлэг барьж болох байршлыг зааж өгсөн гэнэ. Төсөл санаачлагчид 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга барихаар зорьсон юм байна. Улсын төсвөөр 120 хүүхдийн цэцэрлэг барихад 980 сая орчим сая төгрөг төсөвлөдөг юм байна. Тиймээс уг мөнгийг ард түмнийхээ хандиваар босгож, ирэх хавар барилгын ажлыг эхлүүлэн, 2015 оны есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажээ.
a
“229-р цэцэрлэг Ард түмний төсөл”өнөөдрөөс эхлэсэн бөгөөд Төрийн банк 109500092291, Хаан банк 5009748687, Худалдаа хөгжлийн банк 473011642, Хас банк 5001240809, Голомт банк 1415101303 дансууд, бүх үүрэн холбооны утаснуудаас 150-051 тусгай дугаарт мессеж илгээх боломжтой юм байна. Хандивийн дансанд орж буй мөнгөн дүнг www.urs.mn цахим хуудсанд ил тод байршуулж, юунд зарцуулж буйгаа мэдээлж байх аж. Мөн өдөр бүр төслийн үр дүнг NBS 1 телевизээр болон https://www.facebook.com/ard.tumnii.tusul цахим хуудсаар мэдээлэх юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ