Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгц өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэрбээр зөвхөн энэ онд гол усны аюулаас 39 хүний амь насыг аварчээ. Хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж буй боловч өөрийн амь хайргүй сэтгэлээр бусдын төлөө буян үйлджээ.
б
Тэрбээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Хан-уул дүүргийн 12-р хороо Биокомбинатын гүүр хүртэлх чиглэлд Нийслэлийн аврах ангийн гурван бүлэгтэй хамтран завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын туршлагаараа эрдэнэт хүний амь насыг аварсанд олон хүний талархалыг хүлээжээ.
б
Ахлах ахлагч А.Алтанцөгц 2014 оны 07-08-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны голын урд талд үерт автлаа гэсэн мэдээллийн дагуу очиж, долоон хүн үерт боогдож, амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байсныг шуурхай ажиллагаа явуулан аварчээ. Мөн 2014 оны 07-10-ны өдөр Туул голд завьтай хоёр иргэн хөмөрч живсэн байна гэсэн мэдээллийн дагуу очиж гурван настай хүүг, 54 настай өвөөтэй нь хамт голын салаанд орсныг завь тавьж аврах ажиллагаа явуулан амийг нь аварсан байна. Түүнчлэн Минж үржүүлгийн баруун талд "Туул голд бөмбөгний хойноос гурван хүн үсрээд орчихлоо" гэсэн мэдээллийн дагуу очиж, голд урсаж байсан гурван хүнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн зэргээр 39 хүний алтан амь эндэхээс аварчээ.
Б.Бэхи