Эрүүл мэндийн техникийн шинэчлэлийн асуудлаар зөвлөлдөж байна
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөн ЭМСЯ-наа үргэлжилж байна.
ы
Уг зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчилал хэмжил зүйн газар, ШУТИС, АШУҮИС, АХБ-ны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр, ЭМСЯ-ны харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүд, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний болон ханган нийлүүлэлтийн компани зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид оролцож байна.
й
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Дэлхий дахины техник, технологийн хурдацтай хөгжил, мэдээлэлжсэн нийгмийн өнөө үед иргэд хаанаас, ямар арга замаар илүү чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтойг мэддэг болж, иргэд хамгийн орчин үеийн оношилгооны техник, тоног төхөөрөмж, эмчилгээний арга, сайн чанарын эмийг хэрэглэхийг хүсч байна. Энэ байдлыг дагаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын өсөлт нэмэгдэж байна.
Өнөөдөр монгол улсад тархины цус харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэх, үр шилжүүлэн суулгах гэх мэт гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг, зарим эмчилгээ, оношилгоог хийдэг болсон нь сайшаалтай боловч тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, эмчилгээний дараах эм, эмнэлгийн хэрэгслийг төр дангаараа хариуцах боломжгүй байдал үүсч байна. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, засаглалыг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийхдээ нөөцийг үр ашигтай хуваарилах, хөрөнгийн төлөвлөлтийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог зөв зохистой болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
й
Өчигдөр эхэлсэн уг зөвлөгөөний үеэр "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт, бүртгэл мэдээллийн алба"-ыг албан ёсоор нээснийг мэдэгдэж, хүндэт зочид тууз хайчилсан юм.


йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ