Манай тамирчид шилдэг нь байлаа
БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-13-ны өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах23 дахь удаагийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд дэлхийн 26 орны 184 оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр оюун ухаанаа уралдуулжээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын оюун ухааны академийн баг тамирчид насанд хүрэгчид болон дунд насны ангилалд 29 медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт шалгарсан байна.
б
Манай нийт 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд 60 меадлийн төлөө өрсөлдсөн билээ. Тэд тэмцээний төгсгөлд нийт 17633 оноо цуглуулж чаджээ. Дунд насны ангилалд Дэлхийн 17 дээд амжилтын 14-ийг нь эзэмшдэг, 13-16 насны Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнд авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртэж, аварга гэдгээ баталжээ.
б
Мөн дунд насны ангилалд өрсөлдсөн 15 настай тамирчин А.Анударь, Э.Пүрэвжав нар Ой тогтоолтын ОУ-н Мастерын болзол хангажээ. Мөн Э.Пүрэвжавын нийлбэр оноо 5000-аас дээш гарч Их Мастерын болзол хангасан байна. Ийнхүү дунд насны ангилалд нийлбэр дүнгээр аваргын цомыг Э.Энхмөнх хүртэж, хоёр, гуравдугаар байрт Их Мастер Ц.Бат-Эрдэнэ, Э.Пүрэвжав нар шалгарчээ. Ингээд манай улс нэг ой тогтоолтын спортын Олон улсын их мастер, таван их мастер, нэг олон улсын мастертай болж буй юм.
б
Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Их Мастер Ө.Сэнгэсамдан нийлбэр оноогоор гуравдугаар байрт орж, 6700 оноо авснаар хамгийн өндөр цол болох Ой тогтоолтын ОУ-ын Их Мастерын болзлыг хангасан байна. Мөн рэйтинг ахиж дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас зургаадугаарт бичигдсэн гайхалтай амжилтыг үзүүлжээ. Ингэснээр тус тэмцээний шилдэг 10 тамирчинд Монгол Улсын дөрвөн тамирчин багтаж, монгол хүний оюуны өндөр чадварыг гайхуулсан байна.
Энэхүү тэмцээний тухай Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар "Тэмцээний хамгийн сэтгэл догдлуулсан өрсөлдөөнтэй төрөл болох хурдны хөзрийн шагнал гардуулах үеэр Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны Ерөнхийлөгч Тони Бузан манай тамирчин 16 настай Э.Энхмөнхийг “Дунд насанд өрсөлдөж буй энэ авъяастай Монгол хүү насанд хүрэгчид болон нийт 183 тамирчныг ардаа орхиж түрүүлсэн нь энэ спорт үүсч хөгжсөнөөс хойш анх удаа болж байгаа үнэхээр гайхалтай үйл явдал юм. Хүний тархи нэг багц хөзрийг 30 секундээс бага хугацаанд цээжлэн алдаагүй хэлэх боломжгүй гэж байсан нейрологичдыг буруу байжээ гэдгийг харууллаа. Баяр хүргэе" хэмээн онцолсон юм" гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
б
Монголын эрэлхэг хүчит хөвгүүд, охид дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваагийн адил оюуны бяр, чадалт хүүхэд, залуус дэлхийн шилдгүүдтэй ухааны цэц сорьж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулсаар яваа билээ.
б
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ