Яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
х
-Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар яам, агентлагийн бүтэц,орон тооны хязгаарыг баталлаа. УИХ-аас 2015 оны улсын төсвийг баталсантай холбоотойгоор 70 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Засгийн газрын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөв хэмнэхийг үүрэг болгосон. Энэ дагуу яам, агентлагийн орон тооны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар бууруулахыг сайд нарт үүрэг болгосон. Орон тоог бууруулсантай холбоотой бүтцээ шинэчлэхдээ анхаарахыг чиглэл өгсөн. Агентлагуудад 2-4 хүнтэй алба, нэгж байсныг бууруулж, шат дамжлагыг багасгахыг анхааруулсан. Мөн 100-гаас дээш ажиллагсадтай агентлагийг орлогч буюу дэд даргатай, 100-гаас доош ажиллагсадтай бол орлогч буюу дэд даргагүй байлгах, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь тасаг албагүй байхаар зохион байгуулна. Дундаж нэгж нь 10 орчим ажилтантай байх зарчим баримтална. Боловсон хүчнийг 15 хувиар хэмнэхдээ төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг халахгүй байх чиглэл өгсөн. Зарим төрийн чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх замаар хэмнэлтийг хийх арга хэмжээг тусгалаа. Энэ хэрээр төсөв хэмнэгдэх юм гэлээ.
р
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд УИХ-аас Шилэн дансны тухай хуулийг баталсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Шилэн дансны тухай хуулийг ямар журмаар хэрэгжүүлэх талаар анхаарах зүйлсийг хэлэлцсэн байна. Сангийн яам Нэгдсэн шилэн дансны цахим хуудсыг ажиллуулах аж. Уг цахим хуудсанд улсын болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, ирэх оны төсвийн төсөл зэрэг шаардлагатай бүх мэдээллийг байрлуулах гэнэ. Шилэн дансны хууль хэрэгжсэнээр иргэд татвар төлөгчдийн мөнгө, төрийн өмчийг хэрхэн зарцуулж байгаа асуудал нээлттэй болох юм байна. Мэдээлэл нээлттэй, хяналттай болох давуу талтай гэж үзэж байгаа аж.
м
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ