Лорензо Ричелми: Марко Поло баатар байгаагүй
Италийн Венец хотын худалдаачин Марко Пологийн амьдралаас сэдэвлэсэн олон
ангит “Marco Polo” киноны гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Лорензо Ричелмигийн “www.theguardian.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж
байна.
-Азийн түүх соёлыг дэлхий дахинаа амжилттай сурталчилж, түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн аялагч, худалдаачин Марко Пологийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Marco Polo” кино нээлтээ хийлээ. Төв азийн ахуй амьдрал, түүх соёлыг дэлгэн харуулсан энэхүү уран бүтээлд тоглох ямар байв?
-Гайхалтай байлаа. Марко Поло баатар байгаагүй ч жинхэнэ эрэл хайгуулч, зоригтон байсан юм. Энэ эрхмийн дүрийг бүтээсэндээ баяртай байна.
-Хоёулаа XIII зуунд амьдарч байсан, амьдралынхаа ихэнх хугацаанд аяласан хүний тухай ярьж байна. Марко Пологийн амьдрал, аяллын тэмдэглэлээр бүтсэн олон ч баримтат кино бий. 2008 онд Оросын уран бүтээлчдийн бүтээсэн “Марко Поло” гэх кино ч бий. Бүхэл бүтэн 700, 800 жилийн тэртээ амьдарч байсан хүний дүрийг бүтээхийн тулд танаас ихээхэн ур чадвар шаардагдсан байх?
-Тиймээ. Марко Поло бол хийсвэр дүр биш. Бодит хүний дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс ихээхэн ур чадвар болон сэтгэлийн тэнхээ шаардагддаг. Европын эрдэмтэд Марко Пологоор бахархдаг. Шалгаруулалтад тэнцэж Марко Пологийн дүрд сонгогдсоны дараа хэд хэдэн эрдэмтэнтэй уулзаж, зөвлөгөө авсан. Тэд ч зөвлөгөө өгөхөдөө баяртай байсан.
-Эрдэмтэд ч гэсэн Марко Полог баатар байгаагүй зүгээр аялагч байсан гэсэн үү?
-Би хэлсэн шүү дээ. Марко Поло баатар байгаагүй ч жинхэнэ эрэл хайгуулч, үнэнч нэгэн байсан юм. Тэрээр Ази тивийг олон улстай холбосон. Тэр цаг үеийн интернэт гэхэд болно.
-Киноны гол үйл явдал Монголын эзэн хаан Хубилай хааны итгэлийг олж, сохор мастер Том Вугаас зодооны урлаг сурч, үзэсгэлэнт Жужу гүнжтэй танилцах үе?
-Тиймээ. Түүхэнд Марко Поло ази тивийг хаанчилж байсан Хубилай хааны итгэлийг олж, 10 жилийн турш итгэл хүлээсэн туслах нь байсан. Тэрээр хааны дэргэд байхдаа олон ч тэмдэглэл хөтөлж, аялал, азийн соёлын дэлхийд түгээсэн гэхэд болно. Энэ киногоор Марко Поло зүгээр ч нэг аялагч, худалдаачин байгаагүйг нь нотлохыг оролдсон юм. Тэрээр хааны итгэлийг олохын тулд үхэлтэйгээ хэдэнтэй нүүр тулж байсныг судалгааны явцад мэдсэн. Би өмнө нь Марко Полог зүгээр л азтай нэгэн гэж боддог байсан. Марко Поло бол тухайн үеийн Азийн талаар тэмдэглэл бичиж үлдээсэн Европын анхны жуулчин.
-Киноны зураг авалт Итали, Малайз, Казахстанд болсон гэсэн?
-Тиймээ. Тэгэхдээ жинхэнэ түүх өрнөсөн газарт нь очихыг хүссэн ч бүтээгүй.
-Та Марко Пологийн дүрийг хэр сайн бүтээсэн гэж бодож байна?
-Дажгүй гэж бодож байна. Тэгэхдээ жинхэнэ шүүгчид бол үзэгчид. /Инээв/
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ