Дэд сайдууд тодорч байна
Шинэ Засгийн газар бүрэлдээд долоо хонож байна. Эдүгээ яам, агентлагийн бүтэц бүрэлдэхүүнийг батлах, дэд сайдуудаа томилох гээд Засгийн газрын дотоод ажил ундарлаа. Ямартай ч Засгийн газрын ээлжит хуралдаанаар яам, агентлагийн бүтцийг баталж, орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр шийдвэрлэсэн.
1
Өнөөдөр үдээс хойш дэд сайд нарын томилгоог ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэнэ. Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүд хуралдаж, дэд сайдаар томилох хүнээ тодруулаад байгаа.
a
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд сайдуудаа тодруулжээ. МАН-аас ГХ-ийн дэд сайдад н.Оюундарь, ЭМС-ийн дэд сайдад Атармаа, ХАХНХ-ын дэд сайдад хотын экс орлогч Б.Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайдад Г.Тэмүүлэн, ХХАА-н дэд сайдад Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, БСШУ-ны дэд сайдад Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын экс гишүүн Х.Баделхан нарыг томилохоор шийдвэрлэжээ.
1
ИЗНН Засгийн газарт сайдын суудалгүй. Гэхдээ байнгын хорооны дарга, дэд сайд, агентлагийн даргад хүнээ томилохоор болсон. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун БОНХАЖЯ-д хэрэгжүүлж байсан бодлого, хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байр суурьтай байгаа аж. Тиймээс намаасаа тус яамд дэд сайд томилохоор шийдвэрлэлээ. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, БОНХАЖ-ын дэд сайдаар М.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. М.Хүрэлсүх нь ИЗНН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
1
Харин “Шударга ёс” эвсэл гурван дэд сайдын квоттой. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон сурагтай. Мөн Б.Тулгыг БСШУ-ны дэд сайдаар томилох аж. Б.Тулга МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах, өмнөх Засгийн газарт БОНХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг томилохоор зөвшилцөж байгаа бололтой.
1
Эрх баригч АН-ынхан дэд сайдуудаа эцэслэн шийдвэрлээгүй байна. Тус намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж шийдвэрлэх юм. АН Сангийн яам, Батлан хамгаалахын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамдад дэд сайд нараа томилоно. Ямартай ч Сангийн дэд сайд С.Пүрэв, БХ-ын дэд сайд А.Баттөрийг нарыг хэвээр үлдээхээр болсон сурагтай.
1
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүний асуудалд хэмнэлт үйлчлэхгүй, танхим, багаа сайн бүрдүүлэхийг чухалчилна гэж байсан. Засгийн газрын тэргүүн ахлах зөвлөхөөрөө Б.Дэлгэрмаа, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбат нарыг томилсон нь олны сайшаал хүртсэн. Учир нь дээрх хоёр эрхэм улс төр, эдийн засгийн салбартаа туршлагатай, мэргэшсэн хүмүүс. Засгийн газарт хамтарсан намууд салбарын сайдад мэргэжлийн бус улс төрийн томилгоо явуулсан. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг мэргэжлийн багаар бүрдүүлэх хэрэгтэй гэж зарим хүмүүс үзэж байна лээ.
1
Ямартай ч өнөөдөр дэд сайдуудыг томилно. Дэд сайдуудын томилгоо ч мөн Засгийн газрын үйл ажиллагааны өнгийг тодорхойлох биз.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ