Намууд бялуугаа хувааж чадахгүй маргалдаж байна
УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Хурал хойшилсон асуудлаар бие даагч гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн С.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ Засгийн газарт хамтарсан намууд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдан маргалдаж, чуулганыг хойшлуулсан хэмээн үзэж байгаа аж.
1
-Чуулган ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?
Ц.Даваасүрэн: Бидний авсан мэдээллээр намууд Төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад тохиролцож чадахгүй байгаа юм байна. Цаг үе эдний албан тушаалын хуваарилалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын 1-н гэхэд ирэх оны ажил эхэлж байх ёстой. Хугацаа бага байхгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд томхон “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, Засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ. Эд яагаад ингэж бардам тоглоод байна вэ гэхээр. Сонгууль болоход манай гишүүд ирээд саналаа өгчихдөг юм гэж бардаж байна. Тиймээс намын гишүүд гэж байгаа нөхөд энэ бүхнийг ухаалаг харж, хандах ёстой. Намын гишүүдэд л итгэж орой дээр нь суусан хүмүүс ийм муухай үйлдэл хийж байна. Гол найдвар нь намын гишүүд байна.
1
С.Ганбаатар: Өнөөдөр УИХ-аар 2014 төсвийг тодотгох ёстой байсан. Төсвийн орлого тасарсан. Гол шалтгаан нь уул уурхайгаасаа бид мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнийгээ тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих гэж ёстой. Энэ чухал асуудал дээр МАН, АН хоёр төрийн нарийн бичгийн даргын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж, хуралдаан хаяж гарсан. Сандал суудлын хуваарилалтаас болж төрийн ажил гацаж байна. Энэ нөхөд ард түмний сайн сайхан амьдрал, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдсэнгүй. Зүгээр л дээрмийн бүлгүүд шиг мөнгө, сайдын суудал, төрийн нарийн, дэд сайдуудаа хэрхэн хуваах вэ гэдэг дээр л нийлсэн хүмүүс байна. Тэгээд төрийн нарийн бичгийн суудал дээрээ тохиролцож чадахгүй, арчаагаа алдаж байна. Үүнийг бие даагчдын зүгээс хатуу эсэргүүцнэ. Засгийн газарт хамтарсан намууд өрийн таазыг нэмэх гэж байна.
1
Дөрвөн нам эвсэж нэгдчихээр байнгын хороодын дарга мөн солигдох уу. Та төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөх үү?
Ц.Даваасүрэн: Өгнө. Байнгын хорооны дарга нар жилийн хугацаатай томилогддог. Би өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлээр энэ албан тушаалд томилогдож байсан. Хугацаа нь дуусахаар өгнө.
1
-2014 оны төсвийн тодотгол дээр УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?
С.Ганбаатар: Төсвийн тодотголд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг байж болшгүй зүйл. 3000 орчим лиценз авсан уул уурхайн компаниуд Монгол Улсад яаж татвар төлөхгүй байх вэ гэдэг дээр мэргэшсэн. Тэдний төлөөллүүд нь парламентад сууж, төсөвт мөнгө өгөхгүй байх ажил хийж байгаа учраас төсөв тасарч байгаа. Ирэх жил дахиад ийм утгаггүй зүйл яриад суухгүйн тулд хуулиа чангатгах хэрэгтэй. Гадаадын, дэлхийн банкны лоббигоор орж ирсэн энэ хуулиуд бүгд үндэстэн дамнасан корпариацууд монголын төсөвт мөнгө өгөхгүй байхыг л зааж өгсөн. Мөн өрийн таазыг нэмэх гэж байгаа. Эд 326 тэрбумын үнэт цаас босгоно.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ