Үндэсний үйлдвэрлэгчдийн дэлгүүр нээгдлээ
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Үндэсний үйлдвэр худалдааны төв “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн зах дотор өнөөдөр нээгдлээ. Энэхүү худалдааны төвд өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн харууллаа.
a
“Нар Мон” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Дашдондог “Монгол Улсын хөгжил үндэсний үйлдвэрлэгчидтэй холбоотой. Энэ утгаараа ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхны санаачилгыг дэмжин “Шөнийн зах” –аа үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв болгон өөрчиллөө. Үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулсан. Мөн оёдол, ноос ноолуур, арьс ширний аж ахуйн нэгж, үйлдвэрүүд холбоогоороо дамжуулан хандаж байгаа учраас барьцаагүйгээр талбай түрээслүүлэхээр болсон” гэлээ.
a
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн энэхүү худалдааны төвд Монгол гар урчууд ч нэгдсэн аж. Тодруулбал, “Түмэн эрдэнэс холбоо”-ныхон дотоодын төдийгүй гадаадынханд өөрсдийнэ урласан бүтээлүүдээ худалдаалахад бэлэн болжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсээс дүүргийн 10 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжин худалдаа эрхлэх талбайн асуудлыг нь шийдэж өгсөн аж.
a
Үндэсний үйлдвэрлэгчдийг нэг дээвэр дор худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг Аж үйлдвэрийн яам, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод, “Нар-Мон” ХХК хамтран бүрдүүлсэн ажээ. Одоогоор тус барилгын 1 болон 3 дугаар давхарт худалдаа эрхлэгчдийг байрлуулсан бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид нэмэгдэхийн хэрээр бусад давхаруудад байршуулахаар төлөвлөсөн гэнэ.
a
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ