Тэнэмэл хүүхдүүдийн үе дахин “сэргэх” үү

img

Согтуу ээж нь тэврээд гуйлга гуйж суусан, архи уудаг ээжтэйгээ хамт дулааны худагт амьдардаг байсан, хойд эцэг, эхийн дарамтаас болж гэрээсээ зугтсан, орон гэргүйн учир тэнүүчилж амьдарсан 70 хүүхдийг олж илрүүлжээ. Энэхүү ажлыг “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан байна.

ө

Хараа хяналтгүй, эцэг эхийн энэрэл хайраас хөндий амьдарч байсан хүүхдүүдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад 96 хувь нь арьсны өвчтэй, амьсгалын дээд замын үрэвсэл, архаг ханиадтай, ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогджээ. Тэдний дунд төрөлхийн түнхний мултралтай, өнчин тархины гэмтлээс өсөлт нь зогссон хүүхэд ч байжээ. Чийг татдаг гутал өмсөж, доороосоо их даарснаар гурван эмэгтэй хүүхэд үтрээний үрэвсэлтэй болсон байсан. Өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэж БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг ярьсан.

б

Хамгийн бага нь хоёр, том нь 17 настай хүүхдүүд 1-11 жилийн турш хараа хяналтгүй амьдарч, хүнд хэцүү, хар бор ажил хийж, тэнүүчилж, ихэнх үед хаягдал хоол идэж, бусдын гологдлоор голоо зогоож бидний дунд амьдарч байжээ. Тэднээс өсвөр насны хүүхдүүд халаасны хулгай болон бусад гэмт хэрэгт холбогдох, зарим гэмт хэргийн золиос болох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг.

ө

Хараа хяналтгүй явсан 70 хүүхдийн 24 нь өөрийн аав, ээжтэйгээ хамт амьдардаг бол долоо нь хойд эцэг, эхтэйгээ, хоёр нь бүтэн өнчин, 10 нь хагас өнчин, 13 хүүхдийн аав, ээж салсан гэж бүртгэгджээ. Харин бусад нь өвөө, эмээтэйгээ эсвэл ах дүүгийндээ амьдардаг байжээ.

ө

32 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцоонд хүрч, хамтран ажиллах болон хариуцлага хүлээлгэх тухай гэрээг харьяа дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн зүгээс байгуулан хүлээлгэн өгчээ. Эцэг эх, асран хамгаалагчид гэрээ биелүүлэхийн хүсэвч, гэр бүлийн элдэв дарамт, хоол хүнсний хомсдол, ядуу тарчиг байдлаас зугтаж, тэнүүчилдэг болсон хүүхдүүд гэртээ тогтох эсэх нь эргэлзээтэй.

б

Харин үлдсэн хүүхдүүдээс гурвыг нь “Өнөр бүл” төвд, мөн тооны хүүхдийг ДЗОУБ-ын Родем төвд, 14 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт харьяалуулжээ. 18 хүүхэд үлдсэнийг нэгдсэн хамгаалалтад авч, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгч, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлжээ. Гэвч есөн хүүхэд оргосон байна. Өвдсөн биеийг нь эмчлэх, халуун хоол, дулаан хувцастай энэ газраас хүүхдүүд зугтжээ. Яагаад гэдгийг нь бодох л асуудал. Тэнүүлч амьдралд хүүхэд тэгтлээ их дурлалаа гэж үү эсвэл өөр шалтгаан байна уу гэх мэтээр.

б

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд хүүхэд хараа хяналтгүй байгаагийн гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчид үүргээ хангалттай биелүүлж, үр хүүхэддээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаатай холбодог. Мөн нийгмийн сөрөг асуудал болох ажилгүйдэл, орон гэргүй байдал, архидалт, ядуурал, хүчирхийлэл зэрэгтэй шууд холбоотой гэж дүгнэж байна.

ө

Сүүлийн гурван жил хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлж, бүртгэлжүүлэхэд тогтмол 60-70 хүүхэд бүртгэгдэж байгаа аж. Тэдний олонх нь 1-11 жилийн хугацаанд хараа хяналтгүй, өөрөөр хэлбэл тэнэмэл явжээ. Тиймээс хараа хяналтгүй болоод удсан буюу хоёроос дээш жил болсон хүүхдүүдтэй ул суурьтай арга барилаар ажиллах хэрэгтэй болсныг мэргэжлийн хүмүүс онцолсон. Мөн хүүхдийг хараа хяналтгүй болохоос урьдчилан сэргийлэх ажлыг, нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх ажилтай хослуулан, салбар бүрийн оролцоотойгоор, урт хугацаанд тогтвортой төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа.

б

Түүнчлэн гэр бүл нь хүлээж авах нөхцөлгүй, асрамжийн газарт амьдрах боломжгүй хүүхдүүдийг байрлуулах тусгай төв байгуулах шаардлага бий болсон, энэ талаарх асуудлыг тусгасан санал, хүсэлтийг холбогдох газруудад тавьсан гэдгийг онцолж байсан.

б

Харин тэдгээр шийдвэрлэх эрх мэдэл бүхий хэсэг энэ асуудлыг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч, ирээдүйгээ аврахгүй бол албаны хүний хэлсэнчлэн хараа хяналтгүй хүүхдийн “шинэ үе” дахин эхлэхэд бэлэн болжээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бүгд ажилгүй мөнгөгүй хүүхдээ яаж тэжээх юм монголд ийм л амьдрал байна
2014-12-24
mongol:
3 saya dah irgend uchnuun mungu gej soliorch bhaar iim huuhduuded tusalj ter munguu zartsuulj boldoggui yum baih daa, iim zasag turtei baisnaas 1 gazariin koloni uls bolson ni deer
2014-12-24
zochin:
uneheer etseg eh gej helehed hetsuu hun sug bolson yumnuud zendee bii bolson baina lee,arhind dontson hoyul uudag tiim humuusiin huuhduudiig ter zasag ali boloh ert halamjindaa avch zev hun boloh talaas ny anhaarah ny zev bolov uu,ugaas hun am tseetei ulsad hun hamgiin chuhal unet erdene baikh estoi. hojmiin eder ted amdrald eshirhsen, aihtar hetsuu humuus boloh eseh ny oilgomjtoi, bas huuhdiin nereer bizness hiideg olon baiguulagiuudiig odoo attestatchlah tsag ny bolson
2014-12-23
uhaalag tur zasag anhaaraldaa avah:
huuhed gudamjind garch tenemel bolgoj daanch bolohgui dee. etseg ehchuudee.
2014-12-23