Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзаж, Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ. Тэрбээр Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр монгол хүн анх удаагаа сонгогдсон бөгөөд Монголын залуус хүчтэй, мэдлэг боловсрол, удирдах ур чадвараараа олон улсад өрсөлдөхүйц болсны тод жишээ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
й
Энэ сарын 7-11-ний өдрүүдэд Албани Улсын Тирана хотноо Дэлхийн Залуучуудын Ассемблейн чуулга уулзалт “Залуучуудын Манлайлал-Өнгөрсөн ба Ирээдүй” сэдвийн дор болж өнгөрсөн юм. Чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхын саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон таатай үйл явдал тохиосон нь энэ билээ.
й
Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан 5 дэд ерөнхийлөгчөөс бүрддэг ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж. Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн Дэлхийн Залуучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдон ажилласан байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ