Эко жаалын санаачилгыг сайд дэмжжээ
Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар, дүү нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хүлээж авч уулзжээ. Сайд Д.Оюунхорол юуны өмнө үр хүүхдээ байгаль эх дэлхийгээ хайрлах эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь талархал илэрхийлж, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүссэн байна. Харин З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчихээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина. Бас салхиар, усаар хог их урсаж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэсэн юм. Харин аав Н.Зоригтбаатар нэгэн санаачлага гаргаж, гэр бүлийнхэн нь ч дэмжжээ. Тэрүүхэн хавьд байх усан тохойн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих төлөвлөгөө гаргаад, хэсэг газрыг хашаалж авсан гэнэ. Тиймээс тэдний санаачлагыг БОНХАЖЯ дэмжиж, тусалж, хамтарч ажиллана гэдгээ Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлсэн юм. Эл асуудлаар яамныхаа холбогдох газрын дарга нарт ч үүрэг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ