Дэлхий дахины оны онцлохыг Шууд нэрлэж байна

img

  Улиран одож буй 2014 онд дэлхийн анхаарлын төвд  олон үйл явдал болж өнгөрлөө.  Олон улсад өрнөсөн эдгээр үйл явдлуудаас онцлон хүргэе.   

Ханхүүгийн анхны айлчлал

    Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар Австрали, Шинэ Зеланд улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын гол баатраар бяцхан ханхүү Жорж Александр Луиг нэрлэсэн юм. Тэрбээр 10 сартайдаа анхныхаа айлчлалаа хийжээ.  1982 онд ханхүү Уильям 11 сартайдаа аав, ээжийнхээ хамтаар Австрали улсад төрийн айлчлал хийж байжээ.  Мөн түүхэндээ анх удаа газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альбертийн гэргий, гүнж Шарлен энэ сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн юм. Ханхүү угсаа залгамжлах хүүдээ Жак Оноре Ранье хэмээн нэрлэсэн бол бяцхан гүнждээ Габриелла Тереза Мари гэж нэрлэжээ.  

17–той  Нобелийн шагналтан

    Түүхэндээ анх удаа Нобелийн холбоо 17 настай Малала охинд Нобелийн шагнал олгов. Тус холбоо Малалагийн дайчин занг хэзээ ч бүү мохоосой хэмээн энэхүү шагналыг олгосон гэжээ. Малалаг Нобелийн шагнал хүртсний дараа Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл дургүйцлээ илэрхийлж, Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг барьцаалж, 141 хүүхдийн аминд хүрсэн юм. Халдлага үйлдсэн хэт даврагч хэлэхдээ “Малала сайн дураараа Нобелийн шагналаасаа татгалзахгүй бол олон хүүхэд амиа алдах болно” гэсэн юм.    

Сураггүй онгоц, гэнэтийн осол

    Энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч явсан Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц сураггүй алга болсон юм. Энэхүү онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явжээ. “МН370”-ийг хайх ажиллагаанд АНУ, Австрали тэргүүтэй 25 орны 3500 гаруй аврагчид нэгдсэн ч өнөөдрийг хүртэл онгоцны сургийг гаргаж чадахгүй байна. “МН370” сураггүй алга болсны дараахан дахин нэг Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц Укрианы зүүн хязгаарт осолдсон юм.  Дээрх ослын дараа Малайзын агаарын салбар бүхэлдээ уналтад орсон гэхэд болно. Одоо хүртэл Малайзын удирдлагууд “МН17” руу пуужин харваж, 295 хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг олоогүй байна. АНУ, Украины Засгийн газар ослын буруутанг салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан Оросын удирдлагууд гэдэг бол Орос Украины Засгийн газрыг энэхүү ослыг захиалсан гэж буруутгадаг билээ. НҮБ болон Европын холбооны шинжээчид ослын газар 45 хоногийн турш мөрдлөг шинжилгээ явуулсан ч үр дүнд хүрээгүй билээ.  “МН370”, “МН17”-ийн тайлагдашгүй нууцын дараа Өмнөд Солонгосын Инчоноос Чежү арлыг чиглэж явсан “Севол” хөлөг осолдож, 302 зорчигч амиа алдаж, зургаан зорчигч сураггүй алга болсон юм. Тус хөлгийн ахмад Ли Жүн Сокийг ажлын хариуцлага алдсан хэмээн буруутгаж, шүүхээс 36 жилийн хорих ялаар шийтгэсэн бол багийн 15 гишүүнд 5-15 жилийн ял оноов. “Севол” осолдсон шалтгааныг ачих хэсэгт хоёр дахин ачаа ачсан гэдэг.    

Хэт даврагчдын эрин үе

    Энэ оныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэт даврагчдын эрин үе” хэмээн тодорхойлжээ. Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Ирак, Сири, Йордон зэрэг оронд “Халифын вант улс” хэмээн нэрлэсэн хэт даврагчид эрхээ тогтоохыг санаархаж, үймээн дэгдээсэн юм. Тэд Засгийн эрхийг авч, олон улсын анхаарлыг татахыг тулд АНУ-ын гурван иргэн Их Британийн хоёр иргэнийг цаазалсан билээ.  НҮБ-аас хэт даврагчдын гарт ойролцоогоор 10 мянган хүн амиа алдсан гэдэг. “Халифын вант улс” бүлэглэлээс гадна Нигерийн хэт даврагчид “Боко Харам” бүлэглэл олон улсын анхаарлыг татсан юм. Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Борно мужид байрлах охидын сургуулиас 285 охиныг хулгайлсан билээ. Хулгайлагдсан охидыг эргүүлэн өгөхийг олон улс шаардсан ч амжилт олоогүй. Мөн тус бүлэглэл өнгөрсөн сар Чибо мужиас 12-20 насны 140 охиныг хулгайлсан юм. Хэт даврагчид Засгийн эрх авахыг улайрах үед Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, 141 хүүхдийн аминд хүрч, цус урсгахгүйгээр Засгийн эрхийг өгөхийг сануулав.    

Төрийн эргэлт

    Украины дөрөв дэх Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноо орхин гарсны дараа “Удар” намынхан Засгийн эрхийг авав. Үүний дараагаар тус намын дарга Александр Турчинков түр Ерөнхийлөгчөөр, Арсеный Яценьюк түр Ерөнхий сайдаар томилогдоод байсан юм. Энэ үйл явдлын дараа тавдугаар сарын 25-нд  болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар “Порошенко” эвслээс нэр дэвшсэн “амттаны хаан” гэгддэг Петр Порошенко сонгогчдын 55.9 хувийн санал авч, Ерөнхийлөгч сонгогдлоо. Түүнийг олон улс “Хямралын үеийн Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлдог. Порошенко Ерөнхийлөгч болсныхоо дараа Оросын Засгийн газартай харилцаагаа тасалж, АНУ болон Европын холбоотой хамтран ажиллах хүсэлтээ гаргаж, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байданг эх орондоо хүлээн авсан билээ.  Энэ үйл явдалтай зэрэгцэж, Тайландад төрийн эргэлт болов. Ардын армийнхан Засгийн эрхийг авч, Тайландын анхны эмэгтэй Ерөнхий сайд  Йинглак Чинаватыг урвагч хэмээж, генерал Прают Чан Оча өөрийгөө түр Ерөнхий сайдаар томилсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 22-ны өдөр албан ёсоор Ерөнхий сайдаар томилогдож, нийслэл Бангкок хотод армийхныг нэвтрүүлсэн юм. Мөн тус улсын эзэн хаан Пумипон Адульядет зарлиг гаргаж Прают Чан Очат онцгой эрх олгожээ. Украин, Тайландад төрийн эргэлт болж байхад Испанийн эзэн хаан Хуан Карлос зургадугаар сарын 4-ний өдөр хаан ширээгээ том хүүдээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэв. Тэрбээр амласан ёсоороо зургадугаар сарын 17-ны өдөр угсаа залгамжлах ханхүү Фелипед эрх мэдлээ шилжүүлэн өгч, эхнэрийнхээ хамтаар ордноос явжээ.  Хуан Карлос 1975 оны нэгдүгээр сараас эхлэн хаан ширээнд заларсан юм.    

Оросууд олимпод дэвжээгээ эзэгнэж,  Германчууд дэлхийн аваргалав

    ОХУ-ын Сочи хотноо энэ оны хоёрдугаар сарын 7-нд Өвлийн олимп зохион байгуулагдсан юм. Тус улсын Засгийн газар “Сочи”-ийн олимпт нийтдээ 51 тэрбум ам.долларыг төсөвлөсөн билээ. Мөн тамирчдын медалиудыг хийхэд 999-ийн сорьцтой алт гурван килограмм, 960-ын сорьцтой мөнгө хоёр тонн, 700 килограмм  хүрлийг зарцуулсан нь олимпийн түүхэн дэх бас нэгэн содон үзэгдэл юм. Медаль бүр нь 460-531 грамм жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхэд 18 цаг зарцуулсан байна. Энэ удаагийн өвлийн олимпод Оросын тамирчид дэвжээгээ эзэгнэсэн юм.  Өвлийн олимп хөшгөө хаасны дараа Бразил улсад  зургадугаар сарын 12-наас долоодугаар сарын 13-нд Хөлбөмбөгийн “ДАШТ” зохион байгуулагдав. Энэхүү тэмцээнд Германы шигшээ баг ялалт байгуулсан билээ. Аргентины шигшээ баг мөнгөн медалын эзнээр тодорсон бол Голландын шигшээ баг хүрэл медаль хүртсэн юм.  Харин эзэн орны тамирчид дөрөвдүгээр байранд жагсчээ.    

Үхэл таригч Эбола 

    Энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр Либери улсад эбола вирус бүртгэгдсэн юм. Энэхүү мэдээлэл цацагдаад удаагүй байхад Гвиней, Сьерра Леон улсад эбола бүртгэгдэж, хоёрхон өдрийн дотор долоон хүн амиа алдаж, 19 хүн халдвар авчээ. Тус вирусээр зургаан сарын дотор 7589 хүн амиа алдаж, 14 мянган хүн халдвар авчээ.  Эбола Баруун Африкаас гадна АНУ, Испани, Нигери, Мали улсад бүртгэгдсэн билээ.  Энэхүү үхэл таригч вирусыг зогсоох эмийг хараахан гаргаагүй байна. Зөвхөн туршилтаар эм гаргаж авахын тулд ДЭМБ 400 сая ам.долларыг гаргажээ.    

Оюутнуудын бослого

    Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Тайванийн Засгийн газар Бээжингийн удирдлагуудтай худалдааны гэрээ байгуулахыг оюутнууд эсэргүүцэж, 21 хоногийн турш парламентын ордноо эзэлсэн юм.  Оюутнуудын шаардлагыг Ерөнхий сайд Жан Ю Хуан хүлээн авч, Бээжингийн удирдлагуудтай байгуулах гэрээгээ ирэх оныг хүртэл хойшлуулсан билээ. Тайванийн удирдлагууд оюутнуудынхаа хүсэлтийг хүлээн авсан бол Хонконгийн удирдлагууд оюутнуудын шаардлагыг хүлээн авахаас эрс татгалзаж буй.  Хонконгийн оюутнууд Бээжингийн удирдлагуудыг сонгуулийн нээлттэй эрх олгохыг шаардаж, өнөөдрийг хүртэл жагссаар байна. Харин энэхүү саналыг Хонконг болон Бээжингийн удирдлагууд хүлээн авах нь хууль бус хэмээж, тэдний эсрэг хүч хэрэглэж эхэлсэн билээ. Дээрх жагсаалын үеэр Мексикт аймшигт хэрэг гарсан юм. Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан өнгөрсөн есдүгээр сарын 27-ны сураггүй алга болсон. Тэдний цогцсыг 10 дугаар сарын 11-нд Игуала хотоос холгүй орших нэгэн цөөрмөөс олжээ. Энэхүү үйл явдлын дараа улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, Ерөнхийлөгч болон Засгийн газраа огцрохыг шаардсан оюутнууд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэвээр байна.    

Газын зурвас, гамшгийн бүс болов

    Энэ оны долдугаар сарын Израйлийн 14-19 насны гурван хүү сураггүй алга болсон юм. Тэдний цогцсыг долоо хоногийн дараа Газын зурвасаас холгүй олсон билээ. Энэхүү үйл явдлын дараа Израйлийн Засгийн газар дургүйцлээ илэрхийлж, Газын зурвасын хойд хэсэгт байрлах хэт даврагч “Хамас” бүлэглэлийн хуаран руу агаараас цохилт өгсөн юм. Израйлийн гэнэтийн дайралтын үеэр Палестиний 45 иргэн амиа алджээ. Энэ үйл явдлын дараа Палестин, Израйль руу харилцан гал нээж, дайтсан юм. Хоёр сарын турш үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестиний 785 иргэн, Израйлийн 36 иргэн, “Хамас” бүлэглэлийн 152 дайчин амиа алдсан юм.  Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагаа хоёр тал тодорхойгүй хугацаагаар гал зогсоох гэрээ байгуулсан билээ.  

Католанчуудын том мөрөөдөл

    Их Британи улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд тусгаар улс болохыг эрмэлзэж, өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад 16-дээш насны 4.2 сая иргэн саналаа өгсөн ч нийт сонгогчдын 51 хувь нь “тусгаар улс болох нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээсэн юм. Энэхүү үйл явдлын дараа Шотландын захирагч Алекс Сэлмон огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Дээрх үйл явдлын дараа Испанийн бүрэлдэхүүн Католанчууд том мөрөөдөл тээн тусгаар улс болохоор зориг шулуудаж, бүх нийтийн санал асуулга явуулав. Сонгуульд 2.4 сая иргэн саналаа өгч, 57 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн ч сонгуулийн дүнг Италийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан билээ.    

НҮБ хүнсний тусламжаа зогсоов

    НҮБ-ын удирдлагууд өнгөрсөн сарын эхээр мэдэгдэл хийх үеэрээ 2005 оноос эхлэн хэрэгжиж буй хүнсний хөтөлбөрөө ирэх оноос зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү хөтөлбөрт ойролцоогоор 10 сая иргэн хамрагддаг юм. Судалгаагаар Ирак болон Сирийн ихэнх нь иргэн хүнсний хөтөлбөрийн хүрээнд амь зогоож буй. НҮБ, хүнсний хөтөлбөрөө зогсоож буй шалтгаанаа мөнгөн хуримтлал дууссан, санхүүгийн эх үүсвэргүй болсон гэжээ. Дахин хүнсний хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар шаардлагтай гэв.    

Цагаачдад боломж олгов

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сарын 21-нд мэдэгдэл хийх үеэрээ цагаачлалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, таван сая цагаачдад оршин суух хууль ёсны эрх олгохоор болжээ. Гэхдээ энэ заалт таваас доошгүй жилийн хугацаанд АНУ-д амьдарсан, энэ хугацаанд зөрчил гаргаагүй. АНУ-ын иргэншилтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хамаарах юм. Тус улсад 12 сая цагаач амьдардаг байна. Обамагийн энэхүү санаачлагад сөрөг хүчин “Бүгд Найрамдах” нам эсэргүүцэж, шүүхэд өгсөн ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чадаагүй билээ.    

Салан тусгаарлагчдын сонгууль

    Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужид эрхээ тогтоосон салан тусгаарлагчид өнгөрсөн есдүгээр сарын 12-нд бие даасан сонгууль явуулж, Украинаас салан тусгаарлаж буйгаа зарласан юм. Донецк мужид болж өнгөрсөн сонгуульд “Бүгд Найрамдах Донецк” улс хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко  ялалт байгуулсан бол Луганск мужид Игорь Плотницкий ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэд аравдугаар сарын 22-ны өдөр тангаргаа өргөсан билээ. Энэхүү сонгуулийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хууль бус хэмээж, ямар ч аргаар хамаагүй газар нутгаа эргүүлэн авахаа анхааруулсан юм.  Мөн дээрх сонгуулийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг буруутгаж, хэд хэдэн салбарт хориг тавихаа мэдэгдсэн билээ.  АНУ-аас гадна Их Британи, Герман, Канад, Япон, Итали, Австрали, Норвеги, Франц зэрэг оронд Орост хориг тавьж, тус улсад шахалт үзүүлж эхлэв. Энэхүү үйл явдлаас өмнө Орос улсыг “Их-8” болон Европын холбооноос хассан билээ. Ерөнхийлөгч В.Путиныг Украины зүүн хязгаарын хямралд буруутгасан барууны орнууд тус улсад 22 салбарт хориг тавьсан юм. Эдийн засаг, нефть, худалдаа үйлчилгээ, виз зэрэг томоохон салбарт  хориг тавьж, шахалт үзүүлэв. Тэгэхдээ Ерөнхийлөгч Украины хямралтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж, Орост хориг тавьсан АНУ, Их Британи, Герман, Канад, Япон, Итали, Австрали, Норвеги, Франц, Финланд зэрэг орноос тус улсад хүнс оруулж ирэхийг хориглосон юм. Энэхүү хориг хэрэгжиж эхэлснээр Европын орнууд хамгийн багадаа гэхэд 10 тэрбумын хохирол амсчээ. Путин дээрх хоригоос гадна АНУ-ын Тагнуулын ажилтан Эдвард Сноуданд Орост байх хугацааг гурван жилээр сунгасан билээ.    

Си Зиньпин авлигатай дайн зарлав

    БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ оныг авлига, хээль хахуултай тэмцэх жил болгон зарласан билээ. Тэрбээр энэ он 18952 хүнийг авлига авсан хэмээн шийтгэж, заримд нь ял оноосон байна. Тэдний ихэнх нь Комминуст намын өндөр албан тушаалтнууд аж.  Өнгөрсөн жил тэрбээр намаасаа 1500 хүнийг хөөж, 952 хүнийг шийтгэсэн юм.     Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малчин залуу:
орос улсыг "их-8" болон европын холбооноос хассан билээ. б.дэлгэрцэцэгээ орос тэгэхээр европын холбооны улс байж байгаад хасагджээ . таныхаар бол кк кк. таны зөв бол би танд 1,000,000 төг sendley утас 98811111
2014-12-30