“QZ8501”-ийг хайж байна
Индонезоос Сингапурыг чиглэн нисч явсан “Air Asia” компанийн “QZ8501” онгоц 162 зорчигчийн хамтаар сураггүй алга болоод 50 цаг өнгөрлөө. Индонез, Сингапурын Тээврийн яам хамтран онгоцыг хайж эхэлжээ. Онгоцыг хайх ажиллагаанд Индонез, Сингапур, Малайзын тэнгисийн цэргийн 12 хөлөг, 10 нисдэг тэрэг, 15 усан онгоц болон 900 гаруй аврагчийг дайчилж буй тухай Индонезийн Тэнгисийн нисэх хүчний төвийн командлагч Сигит Сэтияана “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Онгоцыг хайх ажиллагаанд цаг агаар хүртэл тусалж байна. Өчигдөр Австралийн Ерөнхий сайд Тони Эббот онгоцыг хайх ажиллагаанд туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж, хэд хэдэн эрлийн онгоцоо илгээсэн. Мөн Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийнхэн туслалцаа үзүүлэхээ уламжилсан” гэж мэдэгджээ. “QZ8501”-ийг хайж байна” нэртэй аврах багийнхан Индонезийн Саматра арлыг самнаж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
ө
“Air Asia” компанийн захирал Тони Фернандес твиттертээ “QZ8501” олдоосой. Зорчигчид бүгд эсэн мэнд байгаасай” гэж жиргэжээ. Өнөөдрийг хүртэл зорчигчдын гэр бүл Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд байршсаар байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ