Нурсан сургуулийг барьж өгнө
Энэ сарын дундуур Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид Пешавар
мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийн барьцаалж, 134
хүүхэд, долоон багшийн аминд хүрсэн юм. Мөн сургуулийг дэлбэлсэн билээ. Тэгвэл
Пакистан гаралтай Британийн боксын тамирчин Амир Кхан өчигдөр амьд үлдсэн
хүүхдүүдтэй уулзаж, бэлэг өгсөн байна. Амир Кхан сургуулийн захиргааны
ажилчидтай уулзах үеэрээ нурсан сургуулийг сэргээн засварлахад мөнгөн тусламж
үзүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Хэт даврагчид өнөөдөр хүчтэй байж болно. Тэд
ямар ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан ч бидний зориг мохохгүй” гэж ярьжээ.
Хэт даврагчид сургуулийг 20 цагийн турш барьцаалсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр гурван удаа бөмбөг дэлбэлсэн гэв. Дэлбэрэлтийн үеэр урлаг, спортын заал болон хүлээлгийн танхимын хэсэг нурчээ.
Энэхүү үйл явдлын дараа Пешавар мужийн захирагч Хамир аль Нахун мужийн бүх сургууль, цэцэрлэг болон сургалтын төвүүдийн үйл ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл зогсоож, онц байдал зарласан билээ. Хэт даврагчид сургууль барьцаалсан шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал авсантай холбон тайлбарлаж, шагналаасаа татгалзахгүй бол олон хүүхдийн аминд хүрэхээ мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ