Буянт-Ухаа 1 хороололд газ дэлбэрч, гурван хүн гэмтжээ
Онцгой байдлынхан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан юм. Энэ хугацаанд нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10, мэдээллийн 1 дуудлага ирсэн аж. Мөн тээврийн хэрэгслийн осол 3 дүүрэгт нийт 3 удаа тохиолдож, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн нийслэлийн 1 дүүрэг, 2 аймгийн 3 суманд нийт 4 удаагийн дуудлагаар ажиллаж 2 хүн аварсан байна.
Тухайлбал, 2015 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг Отволын зүүн урд байрлах харзны усанд шар алаг зүсмийн шүдлэн үхэр унасан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийн албан хаагчид ажиллан унасан үхрийг татаж гарган тус багийн Ойчидын 6-11 тоотод оршин суугч М-ийн үхэр болохыг тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрч гурван өрөө байрны цонхнууд нь хагарч, иргэн Н /30 нас, эр/, иргэн Э /33 нас, эм/, иргэн Э /31 нас, эм/ нүүр хүзүүний хэсэгт тус тус түлэгдэж НТТТөвд хүргэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 03-ны өдөр Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байсан аж. Үүнээс, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраасан. Уг галд /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 09-91 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын суудлын автомашин, 84-19 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай мэдээллээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажилласан байна. Аврагчид иргэн О.Хулан /16 настай, эмэгтэй/, О.Эрдэнэтуул /13 настай, эмэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Нэгдүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Дунд Хавтгайн энгэр гэдэг газар малчин С-ийн нохой 3 хүн рүү дайрч гэмтэл учруулсан. 3 хүн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан. Нохойд хазуулсан И 36 настай эрэгтэй, А 20 настай эмэгтэй, С 35 настай эмэгтэй нарын бие одоогоор гайгүй байгаа аж. Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Мандухай зочид буудлын дэргэд 20 дугаар байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар 2015.01.05-ны /02:10 цагт/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г.Ариунболд /46 нас, эр/ 5 дугаар давхрын дээвэр дээр байхад нь аюулгүй буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ