Ц.Даваасүрэн: Засгийн газар хэлсэндээ хүрсэнгүй
УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийсэн юм.
a
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс анх удаагаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам гэж байхгүй. Зүй нь энэ тодотголыг оны өмнө хийх байсан юм. Яамдын нэрийг өөрчилсөн тохиолдолд төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх хэрэгтэй. Түүнчлэн 2015 онд өрийн таацыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэсэн. Эрх баригчид өмнө нь өрийн таацыг нэмбэл улс орон хэцүүднэ гэж байсан ч нэмчихлээ. Мөн төсвийн тодотголын хуулиар төсвийн тэнцэл хоёр байхыг өөрчилсөн. 2015 онд төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байхаар тусгасан байна. Нэгдсэн төсвийн орлого 905 тэрбум орчим төгрөгөөр буурсан. Улсын төсөв 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн байна.
a
2015 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн тэтгэмжийг хасах тухай тусгасан. Тодруулбал, Төрийн албан хаагчдын цалингын нэмэгдэл болох 234 тэрбум төгрөгийг байхгүй болгосон. Тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан 36 сарын урамшууллыг нь үндсэндээ байхгүй болгох гэж байна. Энэ тэтгэмжийг Засгийн газраас тогтооно гэсэн. Мөн олон хүүхэд төрүүлсэн настай эхчүүдийг гаргуунд нь гаргасан. Хүүхдүүд нь 18 нас хүрсэн бол мөнгө өгөхгүй болж байна. Тэтгэвэрээсээ гадна хүүхдийн мөнгө авч амьдралаа залгуулдаг эхчүүд олон байгаа. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг байсан эхчүүдийн мөнгийг хасч болохгүй.
s
Түүнчлэн Төсвийн тодотголоор энэ онд хөрөнгө оруулалтыг хоёр дахин буюу 300 гаруй тэрбумаар бууруулсан байна. Өнөөдрийн байдлаар барилгын салбарт дуусгаагүй байгаа 400 гаруй обьект байна. Тэр обьект дээр ажиллаж байгаа компаниуд бүгд зээл авсан байгаа. Банкны системийн найдваргүй зээл 600 гаруй тэрбум байгаа. Хугацаа хэтэрсэн 445 тэрбум. Үүний ихэнх нь улсын хөрөнгө оруулалтаар ажил аваад зээл авчихсан компаниуд байгаа. Тэгэхээр төсвөөс мөнгөө хүлээж байгаа компаниудын хувьд найдвар нь 50 хувиар таслагдлаа гэсэн үг.
s
2015 оны төсвийг батлахдаа 1.8 их наядын бонд гаргана гэж тооцож байсан ч хоёр их наяд гаргана. Улсын төсвийн алдагдлын нөхөхийн тулд 275 тэрбумын бонд гаргана. Хүний хөгжил сангийн алдагдлыг нөхөхийн тулд 391 тэрбумын бонд гаргана. Нийтдээ 670 тэрбумаар өрийн тааз өндөрсөж байна гэсэн үг. Энэ Засгийн газар “Оюу толгой”-гоос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэдийнхээ халаасыг ухаж байна. Жишээ нь, хөрөнгийн татвар гэж бий болгох гэж байна. Хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөдлөх хөрөнгөөс татвар авна. Мөн тээврийн хэрэгсэл, буу, малын хөлийн татвар бүгд нэмэгдэнэ. Малын хөлийн татвар, бууны татвар малчдад л илүү хамаатай. Хэдэн малчдын л буу байгаа. Ер нь хэдэн малчныг малгүй болгож, хотруу оруулах бодлого явуулж байна. Мал аж ахуйд чиглэсэн татвар маш их нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө газар тариалан эрхлэх сангаас нэг ч төгрөг хасаагүй. Хонины толгой бүрээс нэг мянган төгрөг, адуу үхрийг гурван хониор, тэмээ ямааг хоёр хониор тооцож татвар ногдуулах болж байна.
a
Малчдад өгдөг мөнгийг хасаж, хотруу орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг урамшууллыг хассанаар эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж байхгүй. Хөдөө орлоггүй болсон малчид хотоо бараадна. Ингэснээр хотын түгжрэл, утаа л нэмэгдэнэ. Эрх баригчид ядарч байгаа иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж мэдэгдэж байсан ч хэлсэндээ хүрсэнгүй” гэлээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ