Ш.Түвдэндорж: Генсекийг намын дарга санал болгоно
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Хуралдаанаар 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслүүдийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
ө
-2015 оны төсвийн тодотгол нь эдийн засгийн хүндрэлтэй нийцэж чадаж байгаа юу? Засгийн газар өрийн босгыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн гэж гишүүд шүүмжилж байна.
ө
-“Адууныхаа хэрээр исгэрнэ” гэдэг шиг эдийн засгийн хүндрэлтэй байдалд тааруулж, төсөв оруулж ирсэн. Өрийн таазыг өндөрсгөсөн асуудал байхгүй. Өрийн таазыг өсгөхөд өөрийн хуультай. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор баталж байж хөдөлгөх ёстой. Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа намууд хооронд тохиролцсон тохиролцоо байгаа боловч энэ удаад өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар УИХ-д тавиагүй.
ө
Ер нь өр тавих асуудлыг намын бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа. Өмнөх шигээ бонд гаргаад өр тавиад, түүнийг нь Засгийн газар ч юм уу, тухайлсан яам дураараа мэдэж зарцуулдаг биш, тухайлсан бүсэд олгодог байхаар ярилцаж байна. Жишээ нь томоохон төсөл хэрэгжүүллээ гэвэл тэр төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх хугацаа нь тодорхой, түүнийг УИХ-аар батлуулсны дараа тэрний дагуу өр тавих, зээл авах бололцоотой байхаар тухай ярилцсан.
ө
-Р.Бурмаа сайд УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Хуралдаанаар үүнийг хэлэлцсэн болов уу?
ө
-Энэ бол бүлгийн шийдвэрлэх асуудал биш, хувь хүний, намын асуудал. Ер нь бүлгийн хурлаар хувь гишүүний байр сууриа илэрхийл гэсэн саналыг гишүүд хэлсэн.
ө
-Хүүхдийн мөнгийг тодорхой хэсэгт өгөхгүй байхаар шийдсэн. Гишүүд үүнд ямар байр суурьтай байгаа бол?
ө
-Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 80 гаруй хувь авдаг, бусад хэсэг нь авдаггүй, сонирхдоггүй. Хүүхдийн мөнгө авдаггүй, сонирхдоггүй хэсэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас судалгаа хийхэд “Төрөөс ямар нэг халамж үйлчилгээ авдаггүй, авахгүй” гэсэн байгаа. Тиймээс хүүхдийн мөнгө авдаг хэсэгт танахгүй өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авдаггүй хэсгийнхний мөнгийг хэмнэх тухай л ярьж гэж байгаа юм. Нийт өрхийн тоог гаргаад 20 категориос 15 хүртэлх категорид багтсанд Хүүхдийн мөнгө олгоно. Хар үгээр илэрхийлбэл, өөрийн гэсэн бизнестэй, байртай, унаа машинтай хэсэгт олгох шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Урьдчилсан тооцоогоор 65 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдахаар байгаа.
ө
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өглөө. Шинээр томилогдох генсекийн асуудал яригдсан уу?
ө
-Манай намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга өргөдлөө гаргасан нөхцөлд чөлөөлөгддөг. Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, намын даргын санал болгосноор ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Тэгэхээр намын даргад бүрэн эрх нь байгаа. Намын дарга Гүйцэтгэх зөвлөлийн зарлан хуралдуулж, хэнийг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулах вэ гэдгийг зөвлөх ёстой. Өнөөдөр манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга чөлөөлөгдсөн. Тэгэхээр намын дарга ярилцаж байгаа байх.
ө
-АН-ын дүрэмд томилох тодорхой хугацаа байдаг уу?
ө
-Хугацаа байхгүй. Гэхдээ сонгуулийн өмнөх жил учраас намын ажлыг цалгардуулахгүй байх үүднээс яаралтай үүрэг гүйцэтгэгчийг томилох байх. Намын Үндэсний зөвлөлдөх хороо хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард хуралдана. Тэр хурлаар ерөнхий нарийн бичгийг томилно.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ