Тодотголоор 905 тэрбумыг танана

img

УИХ-аар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.  Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголд өрийн таазыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларын бондыг босгохоор тусгасан талаар яригдаж байсан. Гэвч үүнийг гишүүд үгүйсгэсэн юм. Түүнчлэн төсөвт тодотгол хийж таналтад хүүхдийн мөнгө, халамжийн зарим хэсгийг хамруулсан. Харин төрийн албаны хангамж, хэрэглээг хэрхэн хумисаныг ил тод гаргах хэрэгтэй гэж зарим хүмүүс хэлж байгаа. Ер нь төсвийг танасан ч танагддаггүй, тойроод өнгөрсөн төсөв, хэрэглээ байдаг. Ямар сайндаа л “танаад танаад танагддаггүй төсөв, өсдөггүй цалин, гүйцэгддэггүй үнэ ханш” гэсэн хэлц үг гарах билээ. Юутай ч энэ оны төсвийг хэрхэн тодотгон өргөн барьсныг сонирхъё.

d

Төсвийн орлогын 2015 оны батлагдсан төсөвт тодотгол хийхдээ эдийн засгийн төлөв байдал, төсвийн орлогын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл зэрэгт үндэслэн орлогыг бодитой төлөвлөх, орон нутгийн төсвийн орлогын бааз суурыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн орлогод төвлөрдөг зарим төрлийн татварын эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьжээ.

d

Төсвийн зарлагын төлөвлөгөөнд тодотгол хийхдээ төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, үр ашигтай, оновчтой бүтцийг бий болгох, хэмнэж тэвчих шаардлагатай зарим урсгал зардлыг бууруулан тооцсон байна. Мөн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр төсвөөс санхүүждэг зарим байгууллагууд, үндэсний хороо, хоёр зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын тусгай сангуудыг өөрчлөн зохион  байгуулах, нэгтгэх, татан буулгах, төсвөөс олгож буй зарим төрлийн татаас, урамшууллыг үр дүнтэй оновчтой байдлаар зохион байгуулах, хамрах хүрээг тодорхой болгох хэмжээг өөрчлөхөөр болжээ.

d

Энэ онд шинээр тендер зарлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, 75.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 52 төсөл арга хэмжээг төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан төсөвт тусгахгүй тэвчих аж. Төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан 550 сая төгрөгөөс дээш санхүүжих дүн бүхий 252 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 50 хувиар бууруулж, нийт 267.7 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт тусгахаар шилжүүлэх гэнэ.  “Улсын чанартай авто замын засвар, арчлалт, шинэчлэлт” төсөл, арга хэмжээний хүрээнд хийгддэг улсын чанартай замын их болон дунд засвар, арчилгаа, замын шуурхай хэсэг, зам гэрээлэгчийн зардалд шаардагдах 25 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгажээ. Төсвийн тодотголоор эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төсвийн орлого 905.6 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс буурахаар байна.

өб

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7.159.9 тэрбум төгрөг байхаар баталсан. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулахдаа ДНБ-ий бодит өсөлт 10.2 хувь, нийт импорт 6.8 тэрбум ам.доллар, нийт экспорт 6.9 тэрбум ам.доллар байхаар тооцож байсан юм.

ө

Хэдийгээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийн орлого жилд дунджаар 28.0 хувь өсч байсан боловч 2014 онд орлогын өсөлт өмнөх оны түвшнээс буурч болзошгүй гэж үзжээ. Өнгөрсөн онд экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний бууралт, импортын бууралт, дотоодын эдийн засгийн хүндрэлтэй байдал зэрэг нь орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал энэ онд ч үргэлжилнэ. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, санхүүжих боломжгүй аливаа зардал төсөвт суулгах нь төсвийн ачааллыг  нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийг санхүүгийн хүндрэлд оруулах эрсдэлтэй аж. Ямартай ч энэ онд манай улсын эдийн засагт тулгарч болзошгүй  эрсдлийг харгалзан үзэж, төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 905.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгажээ.

ө

Гишүүд төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Хөөсөрсөн бус хөрсөн дээрээ бууж, хэрэгжих үндэслэлтэй төсөв батлагдаасай. Тэгээд ч шинэ Засгийн газрын бүрэн хэрэгжүүлэх анхны болоод сүүлчийн жилийн төсөв.

ө

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ