З.Энхболдод төрийн хүний буурь, ёс зүй алга
Улс төр хийгээд нийгмийн амьдрал намуухан өрнөж буй энэ өдрүүдэд олны анхаарлыг татсан асуудал бол МҮОНРТ-ийн захирлын томилгоо. Олон нийтийн статустай энэ байгууллагыг есөн жил удирдсан М.Наранбаатарыг суудлаас нь буулгаж, орны хүнийг ч түвдэхгүй аваачив. Тэгвэл өнгөрсөн хугацаанд өрнөсөн асуудлуудыг эргэн сөхөж, М.Наранбаатарын байр суурийг сонирхлоо.
h
-Оны сүүл, эхэнд яригдсан гол асуудал бол МҮОНРТ-ийн захирлын суудал байлаа. Хэзээ нэг өдөр яригдах нь тодорхой асуудал ч гэнэтийн байлаа. Бидний хувьд та хоёр захирлыг ажлаас халснаас асуудал эхэлсэн гэж харж байна. Харин та?
-Хоёр хүндээ байгаа юм биш. Манай байгууллагад улстөрчид гар, хөлөө дүрдэг л байсан. Гэхдээ ингэж хэтэрхий лав дүрэгдэнэ чинээ бодсонгүй. Энэ бол арай хэтэрлээ гэж, хэм хэмжээ хэтрэнгүүт би өөрийнхөө чадах арга хэмжээг авсан нь тэр. “Та хоёрын бөгс хоёулаа нийлээд миний нэг суудал дээр багтахгүй шүү” гэж би хэлж байсан. Жаахан удсан бол энэ хоёр хоорондоо зодолдох байсан.
h
-Таныг Энхтуяа захирлыг хэл амаар доромжилсон гэх мэдээлэл яваад байсан?
-Дарга хүн удирдлагандаа байгаа хүндээ хэлдэг л үг. Дээр нь надад суурь бухимдал байсан. Би найман жил явж төсвөө батлуулсан, энэ удаа миний хүч хүрэхгүй байна. Та хэд жаахан оролцооч гэж Үндэсний зөвлөлд ч, захирлуудад ч хэлсэн. “УИХ-ын даргатай ойрхон хүн байна, яв, их хурлынхныг гайгүй таньдаг байж таарна, уулз” гэж Энхтуяад хэлсэн. Хуруу байтлаа хумс ч хөдөлгөөгүй. Батбаяр ч ялгаа байхгүй. Төсвийн тал нь байхгүй болчихсон, захирлууд нь хэнтэй ч уулзахгүй, явахгүй байхаар би бухимдана биз дээ. Уг нь төсөв батлуулах ажил Үндэсний зөвлөлийн үүрэг. Би төсвийн хойноос явах ёстой хүн биш.
h
-Та МҮОНРТ-ийг есөн жил удирдсан. Энэ хугацаанд багагүй мөнгө хөрөнгийг нааш цааш хийсэн гэх мэдээлэл ч гарсан?
-Уг нь бол хүнийг алахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй шдээ. Ажил муу хийсэн гэдэг шалтгаан нь явахаа байсан. Тиймээс идсэн, уусан гэсэн шалтгаан гаргаж ирсэн. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр ингэж их ярьж байхад хууль, хяналтын байгууллагууд зүгээр суух уу. 20 саяас дээш бүх мөнгө төгрөгийн асуудлыг Үндэсний зөвлөл шийддэг. Би чинь өчүүхэн эрхтэй хүн байсан юм шдээ. Хорин сая төгрөгт авдаг камер байх уу, наргиатай зүйл байхгүй юу. Санхүүгийн хувьд хүмүүс их гэнэн ойлголттой байгаа юм. 800 хүний дээр суучихаад л мөнгийг нь халаасаараа оруулаад, эсвэл хувийн дансаараа дамжуулаад байж болох уу. Тэр бүхнийг энэ олон хяналтын байгууллагууд, дээр нь миний мууг үзэх гээд үйлээ үзэж байгаа хүмүүс зүгээр өнгөрөөх үү?
g
-МҮОНРТ-ийн төсвийн талаар мэдээлэл өгөөч. Хэдэн хувийг нь улсын төсвөөс гаргадаг вэ? Энэ онд төсвийн 50 хувийг танасан гээд байгаа?
-Манайх бол том байгууллага, том систем. Телевизийн үндсэн суваг, угсаатны цөөнхөд зориулсан II суваг байна. Радиогийн I, II, III суваг, сайт байна. Энэ том байгууллагыг хөдөлгөхөд нэлээн мөнгө орно доо. Одоогийн байдлаар МҮОНРТ-ийн төсөв 14 тэрбум төгрөг байх ёстой. Үүний 7 тэрбумыг улс өгдөг, үлдсэн 7-г нь бид өөрсдөө олдог. Манай нийт төсвийн 60 хувийг ажилчдын цалин эзэлдэг. Хүмүүс цалингаа аваад зүгээр суудаггүй биз дээ. Үйл ажиллагаа явуулна. Цэвэрлэгч гэхэд 40 гаруй хүн бий. 40 гаруй машин, 40 гаруй жолооч байна. Ийм байхад илүү мөнгө гаргаж, идэх боломж бололцоо байна уу. 14 тэрбум төгрөгийн 8 тэрбумыг цалиндаа өгчихөөд үлдсэн 6-аар нь үйл ажиллагаа явуулдаг. Улсын төсвөөс өгдөг мөнгө нь хүмүүсийн цалинг өгч, нийгмийн даатгалыг төлж хүрдэггүй байгаа биз дээ. Гэтэл энэ онд танаад улсаас авдаг мөнгийг 3.7 тэрбум болгосон.
g
- МҮОНРТ-ийг, таныг хууль хяналтынхан шалгадаг биз дээ?
-Би цагдаа, ТЕГ-т шалгуулж байсан. 2013 онд улсын мэргэжлийн хяналтын нэлээн том шалгалт орсон. 15 удаа аудит хийгдсэн. Дээр нь дөнгөж саяхан, 12 дугаар сарын 23-нд АТГ-ын шалгалтын хариу ирсэн. Манай энэ найзууд намайгаа матсан. Хажууд сууж байгаад матдаг байхгүй юу. АТГ байгууллагыг бус зөвхөн Наранбаатар гэдэг албан тушаалтныг шалгасан. Танд буруу алга гэсэн маш таатай хариу ирсэн. Тиймээс ч би одоо амар байна. Тэрийг шалгуулаагүй, энэ нь яасан бол гэж санаа зовох зүйл байхгүй. Үндэсний зөвлөлдөө байнга хянуулж, балбуулж байгаа хүн чинь гишгэсэн мөр бүрээ харна биз дээ.
h
Би 800 тойрон хүрээлэгчтэй
h
-Та өөрийн хүсэлтээр өргөдлөө өглөө гэж хэлж байсан. Гэхдээ энэ таны хүсэл мөн үү?
-Өргөдлөө өгөх шийдвэрийг би эрт гаргасан байсан. Олон түмний хэл ам, хэвлэлээр явж байгаа зорилгот мэдээ, материалуудыг би хувь хүний зүгээс зогсоох боломжгүй. Надаас болж энэ байгууллагын нэр хүнд унах вий, зорилго нь алдагдах вий гэдэг үүднээс ажлаа өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг эрт гаргасан. Хүний ажлыг хэлээд, зүгээр л авчих ёстой. Ойлгоно шдээ. Чи удсан, энэ тэр гээд авч болно. Нөгөөтэйгүүр ажлаа өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг юм байна. Тэнд хашгичиж, загнаж, сэгсгэнэж байгаа хүмүүсийн харсан байх.
h
-Шуудхан асуухад УИХ-ын даргын шахалт байсан уу? Үндэсний зөвлөлийн хурал их ширүүн болж байсан. Өмнө нь бас иймэрхүү дайралт ирж байсан уу?
-Ерөөсөө байдаг л зүйл, өмнө нь ч байсан. Гэхдээ энэ зөвлөлийн бүрэлдэхүүн орж ирснээс хойш ганцхан асуудал авч хэлэлцдэг болсон. Нэг буг чөтгөртэй болчихсон, тэрийг яаж зайлуулах вэ гэдгийг л ярьдаг. Үнэндээ хоёр жил, гурван сарын хугацаанд үзэж байж, эцэст нь хүч түрж намайг гаргалаа. Надад бол харамсах зүйл байхгүй. Би хангалттай ажилласан. Би 21 настай оюутан байхдаа энэ байгууллагад ажилд орсон. Дээр нь би мэргэжлийн хувьд хүрч болох карьерт хүрсэн. Байгууллагадаа өөрийнхөө хүсдэг байсан зүйлийг хийх боломж, бололцоо надад олдсон.
h
-Тэгэхээр МҮОНТ хангалтгүй ажилладаг, ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?
-Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрөөд байдаг зүйл биш. Нийгэмд нэг ийм зүйл бий болчихоод байгаа юм. Эхлээд хөрс бэлддэг. Наранбаатар гэдэг хүнийг муу болгохын тулд МҮОНРТ муу байна гэдэг зүйлийг гаргадаг. Өдрийн 18, 19 цагийн эфир явж байхад ямар нэг байдлаар алдаа гарна. Титр, агуулгын алдаа ч гардаг. Гэхдээ би сайн ажилладаг гэж ярих нь утгагүй. Манай судалгааны төвийн судалгаа долоо хоног бүр, Хэвлэлийн хүрээлэнгийнх сар бүр гардаг. Бас хараат бус ТББ-ууд сонгуулийн жилүүдэд судалгаа хийсэн. Тэр судалгаануудыг л хараарай. Тэнд манайх дандаа нэгдүгээрт явж байгаа. Хоёр руу орсон, муудсан түүх ерөөсөө байхгүй. Ер нь дэлхий нийтэд олон нийтийн телевизийг уйтгартай гэдэг яриа байдаг. Учир нь хуулиар заагдсан, зорилтот бүлгүүдэд зориулан нэвтрүүлгүүд явдаг.
h
-Таньтай хамт 100 хүнийг хална гэсэн. Таны тойрон хүрээлэгчид үү?
-Наранбаатартай ойрхон ажилласан, үүрэг даалгаврыг биелүүлсэн хүн болгоныг тойрон хүрээлэгчид гэвэл би 800 тойрон хүрээлэгчтэй. Яагаад гэвэл би энд бараг төрсөн хүн байхгүй юу. Оюутан байхдаа л энд ирсэн, өөр хаана ч ажиллаагүй. Энэ хүмүүс тэр 800-аас ямар тооцоогоор, яаж хасч байгаа юм. Харамсалтай нь Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд ямар ч тооцоо, төлөвлөгөөгүйгээр асуудалд хандсан. 800 хүнийг бус эхлээд үйл ажиллагааг хасах ёстой. Телевизийн II сувгийг зогсоо, шууд 50 хүн унана. Сайтыг зогсоовол 10 хүн, ММ агентлагийг зогсоо 70 хүн. Энэ олон машин хэрэггүй, 20-ыг нь зогсоо. Тэгвэл бүр ашигтай шдээ, 20 машиныг зарна. Энэ хүмүүс маш тооцоогүй хандсан. 100 хүнийг халъя гэж байхад нь гар өргөнө гэдэг нь ямар даалгавартай ирснээ л тодорхой харуулж байна гэсэн үг.
h
- МҮОНРТ-ийг архинд живсэн байгууллага гэсэн. Спикерийн хэлсэн үгийг зөвтгөх олон хүн байна?
-Монголд архи уудаггүй хэн байгаа юм? УИХ-д архи уудаггүй хэн байгаа юм гэсэн асуултыг сөргөөд тавимаар байна. “10 хүний ажлыг 76-уулаа хийчихээд 17 гишүүн чинь согтуу байна спикер ээ, та наад архиныхаа асуудлыг шийдээч” би ингэж хэлбэл их хурлынхан яах байсан бол. Эхлээд их хурал асуудлаа шийд. Бид харж байгаа, ард түмэн таг сохор биш.
h
Хүмүүсийн анхаарлыг татах гэж тэрбумыг нэхсэн
h
-УИХ-ын даргын хэлсэн үгс хувь хүн Наранбаатар руу хандсан гэж харагдсан. Наранбаатар, Энхболд гэдэг хоёр хүний хооронд ямар асуудал байна вэ?
-Надад бол асуудал байхгүй. Төрийн том хүн гэдэг утгаар нь хардаг, ханддаг. Харамсалтай нь тэр хүнд төрийн хүний буурь, ёсзүй байхгүй гэдгээ харууллаа. Халагдсан хүндээ яасан их хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгын төлөө ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Би энэ хүслийг нь л биелүүлдэггүй. Энэ байгууллага намын өмч биш, таны их хурлынх, энэ засгийн газрынх ч биш. Монголын олон түмний өмч гэдгийг үеийн үед хэлж байсан. Ингэж хэлж байсны л үр дүн. Бид хоёр нэг бус удаа уулзаж байсан. Гайгүй харьцаатай байсан үе ч бий. Энэ бүхэн надаас ёсзүйгүй зүйл шаардсанаас эхэлсэн юм. 2008 оны гуравдугаар сард “Эвтэй 4 нийлж, Өвөрхангай аймгийг хөгжүүлнэ” гэж сонгуулийн пиар нь их эвтэйхэн явсан.Тэгээд нэг өдөр над руу залгаад “Эвтэй 4 Өвөрхангай аймагт” гэсэн нэвтрүүлэг явуулж өгөөч гэсэн. Болохгүй зүйлгүй, сонгуулийн нэг цагтаа явуулчихна. Гэтэл араас нь “Сэвтэй 4 Өвөрхангайд” гэсэн юм явуул гэсэн. Тэр сэвтэй 4 нь Лүндээжанцан, Содбаатар, Чинзориг, Шийлэгдамба нар. Тэгэхээр нь би “энэ болохгүй, нэгдүгээрт манай зарчимд таарахгүй. Хоёрдугаарт нь би сонгуулийн маргааш энэ хүмүүсийн нүүрийг яаж харах юм бэ, та ч ялгаагүй” гэснээс бидний маргаан эхэлсэн. Энэ хүн намайг их үнэлдэг юм байна гэж ойлгосон. 2011 он хүртэл би чинь бүтэн нэртэй байсан хүн шүү. 2011 оны есдүгээр сараас эхлэн төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэсэн хэдэн цуврал юм явж эхэлсэн. Би ч сүүлдээ залхсан. Тэгээд 2012 оны эхэнд “Би сонгуульд нэр дэвшихгүй, санаа зоволтгүй” гэж хэвлэлээр хэлсэн. Өөрт нь ч хэлж байсан. Тэгээд л больчихсон. Ерөөсөө ийм марзан зүйл болсон. Намайг Өвөрхангайд нэр дэвшинэ гэж бодсон байх. Би бол яах аргагүй Өвөрхангайн унаган хүүхэд. Бусад хүмүүсийг бодвол би Өвөрхангайн шороон дээр нь унасан, өссөн.
h
-Та УИХ-ын даргаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Албан тушаалаа өгчихлөө. Энэ нэхэмжлэл хэвээрээ юу?
-УИХ-ын том индрээс, давуу талаа ашиглаж “Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдийг архичин гэсэн юм” гээд сууж байна гэдэг бол дэндсэн асуудал. Яачихсан ёсзүй вэ. Энэнд би хариу өгөх ёстой. Гэхдээ зүгээр нэг хариу өгвөл тоохгүй. Тиймээс тэрбум төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн. Гэхдээ үүнийг хүмүүсийн анхаарлыг татах гэж л хэлсэн.
h
-Тэгэхээр нэг тэрбумын нэхэмжлэл бусдын анхаарлыг татах гэсэн зүгээр л “сүрдүүлэг” байж. Тэгвэл шүүхэд өгнө гэсэн чинь бас зүгээр л үг үү?
-Шүүхэд бол өгнө. Миний архичин гэдгийг нотлох ёстой. Би хэдэн удаа эрүүжүүлэгдсэн вэ, ажлын байран дээрээ хэдэн удаа согтуу байхад нь дээд, доод, дунд шатны хүмүүс нь сануулга өгсөн зэргийг тогтоох ёстой. Үүнийг тогтоолгоно. Харин ч би чинь бүтэн нэртэй аавын хүү шүү.
h
Сосорбарам хэний халаасанд орсноо өөрөө нотоллоо
h
-Таны ажлыг Ц.Оюундарь авлаа. Энэ томилгоог та хэрхэн харж байна?
-Надтай нэг баг болж ажиллаж байсан, дээр нь эмэгтэй хүний тухай би элдэв юм ярихгүй. Миний хувьд зохимжгүй. Энд Оюундарийн буруу байхгүй байх. “Өөрөө очъё” гээд очоогүй байх. Хараат бус, бие даасан байх гэдэг ойлголт нь төгсгөл болж байгаа юм. Гэхдээ Оюундарьд хувь хүний зүгээс бэрхшээлтэй нэг зүйл байгаа. Мань хүн эндээс явахдаа “живж байгаа титаник” гэж хэлчихээд явсан. Тэр “живж байгаа титаник”-ийнхаа ахмад нь өөрөө боллоо. Яаж удирдахыг нь харья.
h
- МҮОНРТ-ийг АН-ынх боллоо гэж харж байгаа хүмүүс ч байна.
-Үнэн юм чинь.
h
-Үндэсний зөвлөлийн гишүүд ямар урамшуулал авдаг вэ?
-Манай Үндэсний зөвлөлийн цалин чинь өндөр шдээ. Хуралдсан ч, хуралдаагүй ч сард 400 мянган төгрөг авдаг. Дажгүй урамшуулал байгаа биз дээ. Бүтэн цагаар ажилладаг хүмүүсийн хувьд бол 400 мянган төгрөгийн цалин бага. Гэхдээ болсон болоогүй хурал хийж, саяынх шиг ирж сэгсгэнэчихээд сар болгон 400 мянган төгрөг авдаг гээд л бодчих.
h
-Таныг Үндэсний зөвлөлийн гишүүдээ “атгадаг”. Харин Сосорбарам таны халаасанд багтаагүй ганц хүн гээд байсан?
- Яалаа гэж дээ. Харин Со эний халаасанд орсноо өөрөө нотлоод байгаа юм бишүү.
h
-Шоронд орох уу, өргөдлөө өгөх үү гэсэн нэг зүйл яригдаад байсан. Ямар учиртай юм бэ?
-УИХ-ын дарга надтай өөрөө уулзахгүй байгаа учраас надад энэ үгээ хэлээгүй. Манай Үндэсний зөвлөлийн дарга надад хэлсэн. “Чи шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэж их хурлын дарга хэлж байна. Би шоронд орох юу хийснээ мэдэхгүй байна. Одоо би асуумаар байна, би ямар хэрэг хийсэн юм. Үүнийг мэдмээр байна. Би захын нэг дүүрчихсэн луйварчин биш. Миний буруу нь олон жил ажилласан. Гурван удаа сонгогдож, есөн жил ажилласан нь миний буруу юм байна.
h
Өөрийгөө дажгүй менежер гэдгээ Монгол Улсад харуулсан
j
- МҮОНРТ олон нийтийн статусаа хэр хадгалж байна. Та зургаан засгийн нүүр үзсэн гэж ярьсан. Улс төрийн шахалт, дарамт хэр байдаг вэ?
-Дарамт, шахалт бол байнгын асуудал. Олон нийтийн статусаа хамгаалсан, хадгалсан. Үүнд манай үе үеийн Үндэсний зөвлөлийн гишүүд маш их тус болсон. Бас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийг хэлэх ёстой, дэм болж байсан. Ядаж л энэ байгууллага руу өнгөлзөөгүй.
h
-МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажил хэр өгөөжтэй алба вэ?
-Энэ амархан ажил биш. Үүнийг телевизийнхэн мэднэ. Би үүнийг албан тушаал ахих шат, мөнгө олох хэрэгсэл гэж бодож явсангүй. Энэ байгууллагад зөв санаад, зөв зүтгээд явж байгаа хүн мэргэжлээрээ өсөх дэвжих боломж бий. УИХ-ын дарга хүртэл сонирхож, хөөе чи муу гэж хэлж байна шдээ. Тэгэхээр чинь том л байгаа биз дээ.
h
-800 хүнээс цөөлөх боломж бий юу. Үнэхээр нүсэр бүтэцтэй харагддаг?
-Харин ч нэмэх ёстой. Монголын ард түмний үнэ цэнэтэй зүйлийг авч үлдэе, жинхэнэ утгаараа олон нийтийн байя гэвэл хүнээ нэмэх хэрэгтэй.
h
-Таны дараагийн алхам юу вэ, улс төрд орох уу?
-Би 40-тэй, нас залуу, нар эрт байна. Хорвоод хийх ажил олон байгаа байлгүй. Үүнийг далимдуулж улс төрд орно гэсэн асуудал байхгүй. Маш олон сонирхолтой газар есөн жил ажиллахдаа өөрийгөө дажгүй менежер гэдгээ би Монгол Улсад харуулсан. Хувь, хувьсгалын ямар ч байгууллагад очсон, би ажиллана. Миний капиталыг хүмүүс ашиглах байлгүй.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ