Хутагтын моторт хөлөг
Америк моторт хөлөгнүүд олон газарт хүрч янз бүрийн хүмүүсийн гарт
очиж байсан ч хэн ч мэддэггүй, нууцлаг магадгүй содон нэгэн эрхэмд хүрсэн нь гэгээн буюу монголчуудын өргөмжилдөгөөр амьд бурхан болсон Богд хаан байсан юм. Гадныхан түүнийг “панчин лам”, “амьд
будда” гэх зэргээр нэрлэдэг. Богд бол буддын шашинтуудын хувьд Төвдийн далай ламын дараа орохуйц өндөр хэргэм зэрэг бүхий нэгэн юм. Харин монголчуудын хувьд шашин төрийг хослон баригч
оройн дээд хаан нь юм. Богд Өргөө хотноо амьдрах хийгээд энэхүү хот нь Лхасын дараа орохуйц буддын шашны умардын төв. Өргөө хот нь Азийн бусад хориотой хотуудын нэгэн адилаар гадны жуулчдад хаалттай хэвээр байсан юм. Хэдэн сарын өмнө Богд гэгээн
бүхээгтэй моторт хөлгийг алсын газраас нутагтаа авчирч болохыг өөрийн хүмүүсээсээ сонсчээ.
ө
Тэгээд моторт хөлөг захиалуулахаар Хятадын Тяньжин хот дахь Америкийн нэгэн худалдааны пүүс рүү төлөөний хүнээ илгээжээ. Амьд буддагийн таалалд ямар машин нийцэж болох талаар бид удаан бодолцсон. Ингээд Америк моторт тэрэг хэмээх хөл удирдлагатай энгийн хурдны хайрцагтай хэн ч жолоодож чадахаар, дундаж үнэтэй тэргийг тохирно хэмээн шийдсэн юм. Энэ машин Монголын нөхцөл байдалд тохирохын зэрэгцээ техникийн мэдлэггүй хүмүүс засварлаж чадахаар юм. Эцэст нь холбоогоор Дейтрот дахь үйлдвэрийн, худалдаанд зарагдаж буй энгийн загварын машинаас Богдын машиныг захиалсан юм. Бидний захиалсан машин 1912 оны 9 дүгээр сарын сүүлчээр ирлээ. Захиалгат машиныг ирсэн даруйд нь бид угсарч бэлэн болгоод хоёр гурав хоног жолоодон эд ангиудыг нь шалгаж үзсэний дараа Бээжин-Хаалган хотын чиглэлийн галт тэргэнд ачуулан Хаалган хотод авчрав. Эндээс Өргөө хот хүрэхийн тулд өмнө минь цэлийх өргөн уудам говийг туулахаас өөр аргагүй байлаа.
ө
Машин маань Хаалган хотод ирэхдээ ямар нэгэн саадтай учраагүй тул 9 дүгээр сарын 22-ны үдээс хойш жолоодон хотын төв гудамжаар явж хуучны чулуун гүүрийг даван хотын хөл ихтэй хэсэгт ирэв. Гэтэл хотынхон машиныг тойрон бүчиж биднийг явахад саад бэрхшээл учруулж байв. Тэд урьд өмнө нь моторт машин үзэж байгаагүй нь илэрхий бөгөөд ийм зүйл байдаг тухай дуулаа ч үгүй хүмүүс тул машиныг хачирхан сонирхоно. Энэхүү гудамжны замыг олон зуун жилийн өмнө чулуу шигтгэж хийсэн тул 30-50 см хүртэлх том завсруудад нь шавар тогтож түүнд нь машины дугуй бараг бүхэлдээ орчихоод байлаа. Бид Хаалган хотыг ардаа орхиж нэгэн давааг өгсөөд 32 орчим км замыг голын голдрилоор туулав. Гэвч голын ёроолын сул элс хайрга, том чулуунууд урагш явахад туйлын хүндрэлтэй байсан тул бид голоос орж гаран урагшилж байв. Зам ийм бартаатайн дээр өгсүүр байсан тул бид хүнд араагаар явсаар 10 км ч туулаагүй байтал харанхуйтай золгов. Ядаж байхад бороо шивэрч эхэлсэн тул Хятадын дэн буудалд хоноглохоор шийдэв. Би нэг нөхрийн хамт дусаал гоожсон ноорхой байшинд орж хүнд таар нөмөрч унтлаа. Шөнөжин орсон бороо маргааш нь ч мөн үргэлжлэв. Голын хайрга хэтэрхий сул машин өөрийн хүчээр явах ямар ч боломжгүй байсан тул нутгийн хятад тариачинтай тохирч таван шар авахаар болов. Нутгийнхны зөвлөснөөр өдөртөө багтаж энэ газрын бартааг туулахаар зориглов. Шатахуунаа хэмнэхийн тулд шаруудаа хөллөв. Гэвч зарим нэг эгц өндрийг давахын тулд таван шарын хүч дээрээс машиныхаа чадлыг нэмэрлэхээс өөр аргагүй байлаа.
ө
Хятад дэн буудалд хоноглосон нь
Бидний хөлсөлсөн өрөөнд хэдэн сонгино, сармис, боодолтой юмс зэрэг ихэнхдээ нөөцөлсөн зүйлс мөн голдоо түмпэнгийн хэрий дугуй нүхтэй кан буюу тоосго өрж хийсэн хэвтэр байв. Унтахынхаа өмнө тэр нүхэнд нь бид богцоо хийж дээгүүр нь аяны гудсаа дэвсээд ор болгож заслаа. Гэтэл бидний хажуу талын 3х5 баймаар болов уу нэгэн өрөөнд ганц тоосгон орон дээр хятад, монгол нийлсэн 20 хүн унтахаар зэхэж байв. Эхлээд бид итгээгүй боловч үнэхээр тэд нэг дор унтахаар хэвтэцгээсэн юм. Шөнөжин шулганалдсан
тэднээс болоод бид унтаж чадсангүй. Өглөө эртлэн боссон ч зам хатахыг хүлээж замд гарахаа азнав. Түүнээс гадна Хаалган хотоос бидний араас ирэх ачааны тэрэг ирж амжаагүй байлаа. Харин бидний ачааг ачиж ирсэн эхний тэрэг эндээс цааш явахгүй гэв. Учир нь Хаалган хотоос гарахдаа бид зам дардан хуурай байна гэж таамагласан нь худлаа болсон юм. Үдээс өмнө 11 цагийн үед бидний хүлээсэн ачааны тэрэг хүрэлцэн ирсэн тул ачаа бараагаа шилжүүлж ачин замдаа гарлаа. Үдээс хойш гэхэд бид хамаг чадлаараа урагшилсаар Мекота хэмээх бяцхан сууринд ирэв. Тэнд бид өмнөхөөсөө хамаагүй дээр дэн буудалд хоноглов. Тэр өдөр
бид хятадын хагалсан тариан талбай дундуур явсан тул замаа харьцангуй хурдан хороов. Дэн буудлын хашаанд Хятад руу оруулах гэж буй олон хонь, тэмээ байлаа. Өглөө нь биднийг замдаа гарахад суурингийн бүх бүсгүйчүүд гол хаалганы дагуу эгнэн зогссон байж билээ.
Бидний дайран өнгөрсөн нутаг бол тэнгэрийн хаяатай нийлсэн тэгш тал байсан боловч энд тэнд цайран харагдах хужиртай үржил шимгүй хөрстэй байсан юм. Эндхийн өвс бут манай баруун өмнө зүгийн нутгийнх шиг биш. Бидний аялал тариалангийн нутгаас холдож говийн нүцгэн шахам цэлгэр тал буюу өмнөд зах хязгаарт ойртон ирснийг илтгэнэ.
ө
Үд дундад бид гатлах учиртай сүүлийн гол дээрээ ирлээ. Голын тэг дунд нь ороод шаварт сууж хамаг л хүч чадлаа барав. Бид урт олс авч явсны хүчинд нэг үзүүрийг нь голын цаад талаас бэхэлж татсаар машинаа гаргав. Тяньжинаас төмөр татлага дэгээ авч гарсан нь яг энэ үед хэрэг болсон юм. Гол гаталж явсан хэдэн монголчууд бидэнд туслав. Үүнээс цааш Өргөө хотын дэргэдэх Туул гол хүртэл дахиж бид ийм саадтай учраагүй билээ. Гол дээр ирснийх машинаа угаас шавраас нь салгав. Хооллож ундалчихаад цааш явж байтал бидний ачааны хөсөг хойноос гүйцэн ирж тэрэгчинд хөлс болгож ембүү гэх цул мөнгө хэдийг төлөв. Энэ мөнгийг халаасанд багтах бяцхан дэнсээр хэмжин үздэг бөгөөд уг дэнс Монголоор аялж яваа хүн бүрт бий. Буулгасан ачаагаа машиндаа ачиж тус болсон хэдэн монголд сайн тамхинаасаа өгөөд цааш явав. Удалгүй нэг худаг дээр ирж усаа дүүргэв. Гараар ухсан худгийн усны хутгуурыг хуйхлаагүй үхрийн ширээр үсийг нь дотогш харуулан хийсэн нь Америкт бол яавч эрүүл ахуйд нийцнэ гэж үзэхгүй л байсан болов уу.
а
Говь, цөлийн дээд зэрэглэлийн тээврийн хэрэгсэл
Тэмээн тэрэг цөлд таарсан хамгийн дээд зэрэглэлийн тээврийн хэрэгсэл гэлтэй. Дороо пүршгүй л болохоос тухлаг давгүй эд байлаа. Бүрий болох үед эхний шуудан холбооны өртөөнд ирэв. Бид Тяньжин руу машинаа ачуулахаас хэдэн долоо хоногийн өмнө Хаалган хотоос Өргөө хот хүртэлх ижил зайтай гурван өртөө бүрт 38 литр шатахуун явуулсан бөгөөд тэмээн жинд дайгдаж ирсэн эхний шатахуунтайгаа ийнхүү золголоо. Өртөөг хариуцагч бидэнтэй англиар ярьж Монголд төрийн шугамаар ирсэн зочид гийчдийг байрлуулдаг тусгай өрөөндөө оруулсан юм. Хятадын Засгийн газар Хаалган хотоос Сибирийн Хиагт хүртэлх цахилгаан холбоог хариуцдаг ажээ. Хаалган хотоос энэ хүртэл 290 км замыг бид туулснаас зөвхөн энэ өдөр 145 км замыг туулсан байлаа.
а
Одоо бид жинхэнэ говьд иржээ. Худгийн ойролцоо хэдэн эмэгтэйчүүд болон лам нарын зургийг авав. Энд лам нар нь үсээ хусдаг байхад энгийн монгол эрчүүд нь хятадуудын адил сүлжмэл гэзэгтэй аж. Гэхдээ монголчууд хятадуудаас ихээхэн ялгаатай. Монголчууд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай маш бохир. Нутгийнхны 98 хувь нь төрснөөсөө хойш усанд орж үзээгүй байдаг гэнэ. Үдээс хойш Төвд маягийн нэгэн хийдэд ирэв. Хийдэд олон халтар лам нар байлаа. Харин бид Үүд хэмээх өөртөөнөөс цаашаа явахдаа машиныхаа дуу намсгагчийг салгах зэргээр шатахуунаа хэмнэх бүхий л аргыг хэрэглэж байв. Дараа өдөр нь бид Сум хотод ирэв. Эндэх хоёр дуган болон барилгаас харвал энэ хот Ар Монголын нэгэн чухал хийд бололтой. Хийдэд ойролцоогоор 2000 гаруй лам нар амьдарч байгаагийн дунд хүүхдүүд ч байв. Монголд гурван эрэгтэйн нэг нь лам байдаг. Хийдийн лам нар нь, гэрт суудаг лам нараа бодвол доод түвшнийх. Тэд бохир заваан агаад бие сэтгэлийн хувьд хамаагүй дор байлаа. Харин гэрт суугсад нь хүмүүст хүндлэл ихтэй эрэлттэй байдаг аж. Бид сүүлчийн шатахуунаа авсан нь зам үндсэндээ шувтарч байгаагийн шинж байв. Замдаа хүчтэй салхитай таарч зузаан үстэй хувцасгүйгээр осгохоор байв. Тэр шөнөдөө бид Өргөө хотод хүрэхгүй нь тодорхой болсон тул машинаа замын хажууд зогсоогоод дахин нэг шөнийг машиндаа өнгөрөөв. Ингээд Туул гол дээр ирж оросуудын хийсэн гуалин гүүрээр гаталлаа. Тэгээд Маймаа гэх Өргөө хотын худалдаа арилжааны төв болсон хятад хотод хүрч ирлээ. Энэ хот Өргөөгөөс зүүн тийш 8 км зайд оршино. Өргөө хотод монгол хийдүүд Оросын худалдааны газрууд байсан бол Маймаа хотод Хятадын шуудан холбооны газар, Та Чин банкны салбар байрлана. Богд гэгээнд машинаа хэрхэн хүлээлгэн өгөх зааварчилгааг хүлээх зуур эд ангиудаа шалгаж засваруудыг хийж угааж цэвэрлэв. Цаг бол монголчуудын хувьд тийм ч үнэ цэнэтэй зүйл биш ажээ. Дээд тушаалын хүн байх тусмаа төдийчинээ хэл авалцахад хэцүү аж. Гэтэл бид энд амьд бурхантай өөртэй нь уулзахаар ирсэн байдаг. Тиймээс бид долоо хоногийн турш машинтайгаа хамт Өргөө хотынхны гайхам үзмэр болж цагийг нөгчөөв. Энэ зуур машины цахилгаан утсыг жижигхэн төмөрт уяж газарт шигтгэв. Ингээд хөдөлгүүрээ асаахад машинд хүрсэн бүхнийг жирсхийлгэнэ. Нутгийнхан цахилгаанд цохиулчихаад юманд хазуулсан ч ямар ч шарх үлдсэнгүй хэмээн гайхацгааж байв. Энэ нь биднийг хөгжөөж байлаа. Монголчуудын хаанд нь хол газраас моторт тэрэг хүргэж ирснийг дуулсан хүмүүс бидэнд их л хүндэтгэлтэй хандана. Өргөө хотод замын хажуугаар тоймгүй олон сүм дараалсан урт хүрднүүд байна. Нэг хийдэд 125 тонн жинтэй 9 метр орчим бурханы баримал байх нь ертөнцийн ирээдүй цагийн удирдагч Майдар бурхан гэнэ. Байшингууд болон худалдааны төвийн эргэн тойронд 5-6 метр урттай шургааг босоогоор нь эгнүүлэн нэг талыг үзүүрлэж хашаа босгожээ. Энэ нь хулгай дээрмээс сэргийлсэн арга бололтой. Өргөө хотыг дөрвөн талаас нь өндөр уулс хүрээлэх бөгөөд Богдын нэрээр нэрлэсэн битүү шинэсэн ойтой ууланд ан хийхийг хориглодог байна. Хотын гудамжинд юм юм л үзэж болно. Хотын худалдаа бараг бүхэлдээ хятадуудын гарт байх хэдэн орос лангуу бас бий. Оросын Засгийн газар энд консулын газартай бөгөөд томоохон хэмжээний хороо цэрэгтэй. Өргөө ба Хиагт хотуудын хооронд алт олборлодог том том пүүсийн албан газрууд энд байдаг.
а
Амьд будда гэх Богдын талаар
Энд ирснээс хойш долоо хоногийн дараа Богд моторт хөлөгөө хүлээн авч биднийг үдийн хоол гэмээр нэгэн арга хэмжээнд урив. Бид машинаа ордны шивээ гуалингаар барьсан хашаанд оруулаад гол түшмэдүүдийг суулган гадуур жолоодож үзүүлсэн нь тэдэнд таалагдав. Ингээд машин худалдаж авах, өгөх ажил өндөрлөхөд Богд бидэнд бэлэг болгож цэнхэр хадганд боосон дээд зэргийн шар хоргой торгыг тэргүүн ламаараа өгүүлэв. Богд ойролцоогоор 40 орчим настай ба түүний байгаа байдал нь тийм ч сэтгэл татахаар биш аж. Богино хүзүүтэй хувилгааны гэхээргүй ширүүн харцтай хараа нь тун муудсан байв. Ер нь монголчуудын дунд нүдний эмгэг өвчин түгээмэл байсныг энд хэлэх нь зүйтэй. Үүний шалтгаан нь бохир заваанаас гадна өөр шалтгаантай. Монгол гэрт задгай зууханд аргал гэдэг малын хатаасан баасыг түлдгээс болж утаа нь нүд хорсгож мөн ханиалгадаг. Хэдэн жилийн өмнө залуухан байсан Богдын ёс журам нь сайжирч байгаа ч угийн саваагүй амьдралын хэв маягаа хараахан гээж амжаагүй аж. Буддын шашны ёсонд лам хүн эхнэр авахыг цээрлэсэн байдаг ч Богд эмэгтэй хүний гоо сайханд дурламтгай, өндөр гоолиг монгол бүсгүйчүүдийг таалдаг нэгэн бололтой. Олны яриагаар бол Богдоос гадна түүний хатны нэр нөлөө ихээхэн байдаг аж. Богдын хатан худалдаа наймааны талд овсгоотой нэгэн бөгөөд өөрт нь ирэх их хэмжээний бэлэг сэлтийн хажуугаар Өргөө хотод худалдаа эрхэлдэг сурагтай. Морь, бугуйн цаг, моторт машин, бүр бага эхнэр байсан ч Богдын хүслийг биелүүлэхээр дагалдагч нар нь уралдана. Богд олны нүдэнд тэр болгон үзэгдээд байдаггүй. Тэр Өргөө хотод гурван ордонтой бөгөөд ээлж дараагаар тэдгээртээ саатна. Нэг ордон нь Оросын консулын газрын байртай ижил загвартай бол бусад нь үндэсний маягтай, сүрлэг загвартай. Монгол бол өнөө цагийн дэлхийн хамгийн сонирхолтой бөгөөд балар эртний улсын нэг. Тэд өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй ч буддын шашинд сохроор дагасан, мухарт сүсэгт хэт автсан шинжтэй. Хэт олон лам хуврагууд нь Монгол улсын чөдөр тушаа болдог бөгөөд шашны нэрийн дор ах дүүс, ард олноороо тэжээлгэдэг шимэгч мэт. Худалдаа наймааны хэрэгсэл нь Хятадын мөнгөн зоос буюу лан байхаас гадна Монголын аль ч хэсэгт дөрвөлжин торго, хавтгай цайгаар солилцоо хийж болно. Тамхийг ч мөн энэ мэтээр хэрэглэх нь бий. Өргөө хотод орос худалдаачид байдаг ч худалдааны гол хэсгийг хятадууд атгаж байдаг.
а
Монголчуудын оршуулгын зан үйл
Монголчуудын оршуулгын зан үйл хятадуудынхаас өөр бөгөөд талийгаачийг хотын захад аваачин ил орхидог. Зэрлэг болон гэрийн ноход бусад махчин амьтад түүнийг нь дор нь үгүй хийнэ. Цогцос хурдан алга болох тусмаа талийгаачийн сүнс амгалангийн оронд түргэн хүрнэ гэж үздэг аж. Монголчууд бол маш их махсаг хүмүүс. Голчлон хонины махаар хоол хийж иднэ. Өөр хоолны тухай ярихад тэд хонины мах шиг амттай юу гэж асууна. Нэг дор таван кг мах идэж орхих нь байх л үзэгдэл. Тэр ч байтугай өөхтэй хонины махыг сүүтэй цайнд хийж иднэ. Насанд хүрсэн хүн өдөрт 30 аяга цай уух нь байдаг л зүйл. Хоол идэхэд тогтсон цаг гэж үгүй олдсон даруйд нь иднэ. Бид машинаа Богдод хүргэж өгөөд орос морин тэргэнд сууж Хиагт хот болон Транс Сибирийн төмөр замыг чиглэн явлаа. Дөрвөн өдөр, дөрвөн шөнө явсны эцэст Хиагтад хүрч тэндээсээ завиар уруудан дараа өдөр нь галт тэрэгний буудалд хүрч ирэв. Ийнхүү бид 32 хоногийн дараа Тяньжин хотод эргэн ирэхэд галт тэргээр зорчсоныг эс тооцвол нийтдээ 1931 км замыг газраар туулжээ. Харин галт тэргээр явсан замаа тооцвол 5311 км замыг туулсан байв. Үүнээс найман өдөр нь замд гараагүй бөгөөд нэг хоногийг Богд ууланд, Өргөө хотод долоо хоногийг нь өнгөрөөжээ. Бидний энэ аялал бол бүхээгтэй машин говь цөл нутгаар явсан анхны тохиолдол байсны дээр Бээжингээс Парисын чиглэлд аялсан уралдааны хоёрыг эс тооцвол говийг туулсан анхны моторт тэрэг болсон юм. Арын дугуйнууд нь арьсан бүрээстэй харин өмнө дугуйнууд нь ямар ч хамгаалалтгүй явж байсан ч аяллын замд нэг удаа ч дугуйгаа солиогүй, тэр ч бүү хэл цоороо ч үгүй юм. Биднийг Өргөө хотоос ирээд дөрвөн сар болж байхад ( 1913 оны 2-р сар) хүргэж өгсөн машин маань сайн явж байгаа монголчуудын сэтгэлд нийцэж буй сургийг сонсож билээ.
а
Ethan C.Le Munyon
а
Эх сурвалж. Тойм сэтгүүл № 254-255
СЭТГЭГДЭЛ БИЧИХ