Ж.Эрдэнэбат: Цалин нэмэхгүй

-Өрийн хэмжээн дээр гишүүд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна. Өнөөдөр өрийн хэмжээ хэдэн хувьтай байгаа бол?
-Зөвшилцлийн гэрээ байгуулж байх үед өрийн хэмжээ ДНБ-ний 49 хувьтай байна гэж ярьж байсан. Ажил авах үед 53 хувь дээр очсон байсан. Өнөөдрийн байдлаар 55.2 хувьтай байна.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд өрийн босгыг 70 хувьд хүргэх төсөл оруулж иржээ. Ингэснээр эдийн засагт эерэг өөрчлөлт орох уу?
-Өмнөх өрийн бүтцийг аваад үзвэл дийлэнх хувийг богино хугацаатай арилжааны зээл эзэлж байгаа. Богино хугацаатай арилжааны зээлээр цаашдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхжүүлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр өрийн таазыг нэмэгдүүлсэн нөхцөлд УИХ-ынхаа хяналт дор тодорхой хэмжээгээр бизнесээ дэмжсэн, эдийн засгийг тэлсэн бодлогыг дэмжих байдлаар бизнес эрхлэгчид зээлийн баталгаа гаргаж өгөхөөр Засгийн газрын хуралдаан дээр тогтсон. Тэгэхдээ УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дунд ярьж байж шийднэ.
-Алдагдал -5 хувьд хүрэхээр туссан нь бодит үзүүлэлтэд дөхөх үү?
-Бодит байдал дээрээ төсвийн алдагдал, өрийн тааз хуулийн заалтаасаа даваад явчихсан. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 3.4 хувьтай байгаа. Төсвөөс гадуурх төсвийг оруулж ирээд тооцох юм бол төсвийн алдагдал 9 орчим хувьд хүрнэ. Цаашдаа хуулийнх нь зүйл заалтын дагуу зөв гольдролд оруулах шаардлага байгаа. Төсвөөс гадуур зарцуулагдаад байгаа төсвийг төсөв рүү нь оруулж ирэх шаардлагыг биелүүлэх юм бол төсвийн алдагдал 720 орчим тэрбум төгрөгийн гадуур зарцуулагдаж байгаа нь орж, алдагдал 5 хувьтай болно. Тийм учраас төсвийг хуулийнх нь дагуу нийцүүлэх шаардлага бий учраас тодорхой хугацааны дараа бууруулаад явах бололцоог бий болгох ёстой л гэж үзэж байна.
-1 тэрбум ам.долларын зээл нэмж авах тухай яриа бий. Үүнийг авахаар өрийн босго 70 хувьд хүрэх үү?
-Өмнөх авсан зээлүүд маань богино хугацаатай арилжааны зээл, сүүлд гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас тавьсан хүсэлт нь урт хугацаатай хөнгөлөлттэй зээл байгаа. Хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай зээл. Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол иймэрхүү урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр эдийн засгаа тэлэх бодлогыг барих ёстой. Түүнээс биш богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлсэн төсөл эргээд үр өгөөжөө өгнө гэдэг асуудал маш хол. Ийм байдлаар цаашдаа Монголын өрийн таазыг нэмэгдүүлэх боломжгүй. Магадгүй энэ тохиолдолд зээлийн үйлчилгээний төлбөртөө төсвийн 50-60 хувь явчих бололцоо бүрдэж байна. Өнөөдөр гэхэд л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн тооцоолол явж байгаа боловч нөгөө талдаа зээлийн үйлчилгээний төлбөр нь 700 гаруй тэрбум болчихсон явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаа дахин нугалчихсан байдал бий шахам.
Тэгэхээр өрийн бүтцийн асуудлаа өөрчлөх ёстой. Богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр солих. Ингэхийн тулд өрийн таазыг нэмэгдүүлэх байдал бий болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг хоёр намын бүлгүүд ярилцаж байж шийднэ.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөхийн тулд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой. Гэтэл гишүүдийн олонхи нь дэмжихгүй байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Тогтвортой байдлын тухай хууль ямар нэгэн байдлаар заавал өөрчлөгдөхөөс өөр аргагүй болчихоод байна. Тэгэхдээ өнөөдрийн өрийн босго 55 хувь, төсвийн алдагдал 5 хувь дээрээ бариад өөрчлөх ёстой юу. Эсвэл түүнээсээ нэмээд өөрчлөх ёстой юу л гэдэг асуудал яригдана. Түүнээс өөрчлөхгүй байх ямар ч тохиолдол байхгүй. Өөрчлөхгүй байлаа гэхэд өргөн баригдаж байгаа бүх төслүүд хууль зөрчиж өргөн баригдана.
-Төсвийн тодотголоор цалин, тэтгэврийн нэмэгдлийг танасан гэх. Үнэн үү?
-Эдийн засаг маань өөрөө асар их тэлцэн, төсвийг санхүүжүүлэх чадваргүй байгаа үед дээр нь нэмж нэмэлт зардал санхүүжүүлэх боломжгүй. Тийм учраас цаашдаа эдийн засгаа сэргэтэл цалин, тэтгэвэр нэмэх бололцоогүй.
-Орлого нь багассан хэрнээ зардал нь нэмэгдсэн гэсэн шүүмжлэл байна?
-Орлого, зарлагыг тус бүр бууруулсан. Хоёуланг нь 905,6 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ