Гэмт этгээдүүдтэй холбоотой 11 цагдааг баривчилжээ

img

Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутны үхэлтэй холбоотойгоор 11 цагдааг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Цагдаа нарыг 43 оюутны үхлийг нууж, гэмт этгээдүүдийг хамгаалсан хэмээн буруутгажээ.  Өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр Игуала хотноо оюутнууд боловсролын салбарт өөрчлөлт оруулахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, долоон оюутны аминд хүрсэн билээ. Баригдсан цагдаа нарын гурав нь дээрх хэрэгтэй холбоотой гэж Игуала хотын цагдаагийн газраас мэдээлэв. Мөн баригдсан цагдаа нарын ихэнх нь хар тамхи борлуулдаг “Геррерос Унидос” бүлэглэлээс хахууль авсан нь тогтоогджээ.

1

Цагдаа нар өчигдөр Игуала хотын дарга Хосе Луйс Абаркагийн эхнэр Мариа де Лосыг баривчилсан билээ. Тэрбээр оюутнууд сураггүй алга болохоос өмнөх өдөр “Геррерос Унидос” бүлэглэлийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон байна. “Түүнээс мэдүүлэг авахаар нийслэл Мехико хотноо тусгай онгоцоор тээвэрлэж авчирсан”  гэж “Mexico post” сонин мэдээлжээ. Мөн хотын дарга Хосе Луйс Абарка есдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нарыг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн гэж мэдүүлгийнхээ үеэр дурьжээ. Хотын даргыг өнгөрсөн оны сүүлчээр баривчилсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ