“Ээжүүдийн одонг хураах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж 2015 оны Төсвийн тодотгол болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
a
Тэрбээр хэлэхдээ “Засгийн газар 2015 оны Төсвийн тодотголдоо 905 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлийг нөхөхийн тулд иргэдэд олгодог халамжийн мөнгүүдийг танахаар болсон. Тухайлбал, төрийн албан хаагчдын тоог 1500-аар бууруулж, оюутнууд тэтгэлэг, ахмадууд тэтгэвэр, хүүхдүүд халамж, ээжүүд одонгийнхоо мөнгөөс татгалзах юм болоод байна. Энэ бол том төрөөс тэнэг төр рүү шилжих алхам гэж үзэж байна. Учир нь манай улс 1.5 тэрбумын бонд авсан. Тэр бондын зарцуулалт хамгийн багаар бодоход 200 сая доллар буюу 400-500 тэрбум төгрөгийг маш хариуцлагагүй зарцуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл энэ асуудлыг ярьсан. Тухайн үедээ бондын зарцуулалтын талаар шалгалт хийнэ гэж ярьчихаад одоо болтол таг чимээгүй байна. Тэгэхээр үүнийг бид гаргаж ирж, төсвийн алдагдлын 905 тэрбумыг нөхөж, одонтой ээжүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг өгөх хэрэгтэй. Гавьяа байгуулсан хүнд одон өгдөг. Энэ бол улс эх орондоо хүн төрүүлж өгсөн гавьяаных нь шагнал. Гавьяанд нь зориулсан шагналаасаа татгалзаж байгаа бол одонг нь хураах хэрэгтэй.
a
Мөн оюутны тэтгэмжийг онц сурсан хүмүүст нь өгнө гэж ярьж байна. 2015 онд 68 тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт зориулан тусгасан байсан. Жилд 100 гаруй тэрбумыг олгодог байсныг хэмнээд 68 болгосон. Энэ тодотголоор онц сурсан оюутанд өгье гээд 34 тэрбум төгрөг оруулж ирж байна. Баталгаатай хэлэхэд оюутнуудад нэг ч төгрөг өгөхгүй гэсэн бодлого. Яагаад гэвэл Засгийн газар багш биш. Төсөв батлагдлаа, дүнг нь харахын тулд улирлын шалгалтыг нь хүлээнэ. Дүнг нь хараад шилжүүлэх үү, яах уу гэсээр байтал хавар болоод оюутнууд амраад авчихна. Намар сонгуулийн уур амьсгал орно. Тэр үед ерөөсөө бүгдэд нь мөнгөө өгье гэж шоу хийнэ. Шоу хийх зорилгоор ийм ажил хийж байгаагаас биш, оюутнуудаа бодож байгаа юм огт байхгүй. Хэрвээ үнэхээр өгөх гэж байгаа юм бол 68 тэрбум төгрөгийг оюутнуудын сургалтын төлбөрөөс хасаач гэсэн саналт тавьж байгаа юм. Төлбөр нь 2 сая төгрөг байлаа гэхэд найман сарын 70 мянган төгрөгийг хасаад явахад болно шүү дээ.
a
Төсвийн алдагдлыг нөхөх олон арга бий. Ядарсан эмзэг бүлгийхнийгээ дээрэлхэх замаар явж болохгүй. Төр хямралаас гарахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохын тулд гурван арга бий. Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт гадны хөрөнгө оруулалт, гуравдугаарт татвар. Хамгийн муу төр хамгийн хатуу татвар тавьдаг. Сайн төр зээл юм уу, гадны хөрөнгө оруулалтаар хямралаас гардаг. Зээл аваад өрөнд орно гэсэн үг биш. Төсөл хэрэгжүүлээд зээлсэн мөнгөө хурдан эргүүлж төлөх хэрэгтэй. Харамсалтай нь бид яг эсрэгээрээ яваад байна. Хэрвээ хэмнэлт хийх гэж байгаа бол Ерөнхий сайд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хангамжаасаа татгалзах ёстой. Түүнээс биш та нар хэмнэ би баян амьдаръя гэж хэлж болохгүй.
a
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хувьд Япон улсын жишиг эмнэлгийн загвараар баригдаж байсан. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Өмнөх Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Харин энэ Засгийн газар эмнэлэг хэвээр нь үлдээх талаар ярьж байгаа ч УИХ-аар хэлэлцэх 2015 оны төсвийн тодотголд уг барилгыг эмнэлэг болгох зардал тусгагдаагүй байна. Төсөвт орохгүй бол энэ барилгын асуудал шийдэгдэхгүй чигээрээ ирэх онтой золгоно гэсэн үг. Тиймээс би энэ барилгыг эмнэлэг болгоход шаардагдах төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэх шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.
a
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн” гэлээ.
a
Тэрбээр энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
a
-Ерөнхий сайд уг эмнэлгийг зориулалтын дагуу ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн үү?
-Судалгаа хийж байна гэсэн. Судалгаа хийж байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл асуудлыг оруулж ирэхгүй байна. 2015 оны төсвийн тодотголд уг эмнэлгийг засах мөнгийг тусгаж өгөх ёстой. Хэрвээ төсөв нь шийдэгдчихвэл 2 сарын дараа гэхэд урд талын нэгдүгээр блок нь ашиглалтад орох бүрэн боломжтой.
a
-Тус барилгыг янз бүрээр өөрчилсөн. Тэр бүрд хичнээн төгрөг зарцуулсан байдаг юм бол. Одоо тус барилга дотор ямар багаж, тоног төхөөрөмжүүд байгаа вэ?
-Би Хууль зүйн сайд Д.Дорлигжавт албан бичиг явуулсан. Ингэхдээ зарцуулсан мөнгөний асуудлаар аудитын шалгалт оруулаач гэсэн. Учир нь 2012-2013 оны төсөвт тус барилгын зориулалтыг нь өөрчлөх бус барилгын ажлыг дуусгах төсөв л батлагдсан байдаг. Тэгэхээр Засгийн газрын тогтоолыг ашиглаад өнөөдөр төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө дур мэдэн тодорхой хэмжээний мөнгө гаргаад энэ барилгад шорон босгосон. Мөн өрөө, тасалгаануудыг өөрчилсөн. Аудитын дүгнэлт гарангуут би дараа, дараагийн албан тушаалтанд нь хариуцлага тооцуулахаар явна.
a
-Хүүхдийн эмнэлэг болгох сураг байгаа. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
-Олон улсад эмнэлгийг хүүхдийнх том хүнийх гэж ялгадаггүй. Түүнтэй адил энэ эмнэлэг нь Монгол улсын клиникийн төв эмнэлэг байх ёстой гэж бодож байна. Жилдээ 20-25 мянган хүний өвчинг оношлох том лабортори байх зориулалттай. Жилдээ 250 000 хүн хэвтэж эмчлүүлэх бололцоотой байх ёстой. Тэгэхээр үүнд шүд, дотор эрхтэн, хүүхдийн кабинетууд нь багтаад байрлах боломжтой.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ