Сайд нар юу хийж явна
Шинэ Засгийн газар байгуулагдаж, энд тэндэхийн томилгоо ч үргэлжилж байна. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ШӨХТГ болон ОБЕГ-ын удирдлагыг томилжээ. Үүнтэй зэрэгцэн ажил авсан эрхмүүдийн танилцах "аялал" ч үргэлжилж байна. Тухайлбал, Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Түүнийг ашигт малтмалынхан хар зангиа, цэнхэр цамцаар ижилсэн баяр ёслолын байдалтай угтсан гэнэ. Тэгээд хэрэгжүүлж буй ажил үйлсээ танилцуулсан мэдээ байна. Бодож байгаагаар болдог бол Р.Жигжид сайдад салбарынхаа ажилтай танилцаад явж байх шаардлага байхгүй. Тэр өөрөө энэ гал тогооны хүн. Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан хүнд танилцах "аялал" хийж, цаг заваа гарздах хэрэг байсан уу, үгүй юу. Харин ч ханцуй шамлан ажлаа шуурхайлах давуу талтай санагдана.
ө
Өчигдөр танилцах "аялал" хийсэн өөр нэг эрхэм бол Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар. Тэрбээр “Спортын бэлтгэлийн төв”, “Буянт-Ухаа” спортын ордон, “Техник спортын төв”-д ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдлыг нь нүдээрээ харжээ. Салбарын өндөр албан тушаалтан ирнэ хэмээн тэрүүхэндээ л бэлдэж, бэлтгэж, зовлон бэрхшээлээ тоочсон нь мэдээж. Харин дэд сайд 2015 онд олимпын эрхийн төлөөх чухал тэмцээнүүд болох хариуцлагатай жил бас нийтийн биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч ажиллана хэмээн бөөрөнхийлөөд өнгөрч. Бүр Буянт-Ухаа спорт цогцолборынхон ажилчдын нийтийн унааг шийдэж өгөхийг сайдаасаа хүсэхэд "дэмжиж ажиллана" гээд явсан гэнэ. Ямар дэмжлэг хэзээ үзүүлэх нь бүү мэд.
ө
Эрчим хүчний сайд Д.Зоригт ажлаа авсныхаа дараахан станцуудын үйл ажиллагаатай мөн л танилцсан. Түүнийг буруутгах нь өрөөсгөл болно. Учир нь тэр энэ салбарт шинэ хүн. Юуг хэрхэн хийхээ харж, мэдэж авахын тулд танилцах шаардлагатай байсан байх.
ө
Сайд нарын нэг хэсэг нь энэ мэтээр нүд тайлж байна. Харин нөгөө хэсэг нь албан уулзалтууддаа дарагдсаар суугаа бололтой. Энд тэндэхийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа гэх албан мэдээ хөвөрсөөр л. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар гадна, дотны зочин ихтэй байгаа сурагтай. Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав томилгоонд анхаарлаа хандуулж буй бололтой. Нэг дор яамныхаа таван ч даргыг чөлөөлөв. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү мөн халаа сэлгээ хийж, хольж сольсон байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч зүгээр байсангүй. Бүтцийн өөрчлөлт нэрээр багагүй хүнээ нааш цааш болгосон гэнэ. Энэ талаараа маргааш мэдээлэл өгөх гэнэ лээ. Халаа сэлгээ хийж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн үг ч хадны цуурай адил замхарчээ.
б
Хувь, хувьсгалын ажлыг зэрэг амжуулдаг хүнээр БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролыг нэрлэж болно. Тэрбээр сайдын хувиар анхны томилолтоо төрсөн нутагтаа хийв. Зүгээр ч нэг ажиллаад ирсэнгүй. Отгонтэнгэр хайрханд мөргөж, буян заяагаа даатгаад ирсэн гэнэ лээ шүү.
ө
Бууриа сахиад үлдсэн сайд нартай ярих зүйлгүй байх. Ажлаа үргэлжлүүлж буй гэж найдаж байна. Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар нэг л намдуухан байна. Салбартайгаа чимээгүйхэн танилцаж, ажлаа гялалзуулж л яваа нь дамжиггүй.
х
Сайдын суудалд суух хугацаа хязгаартай. Муу нэр, луу данстай үлдэхийг хэн хүсэхэв, бүгд хичээж буй биз ээ.
б
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ