“Эгч ээ, та намайг аваад л гарчих”
Хэн нэгэнд тусалж, хариуд нь чин сэтгэлийн инээмсэглэлээр шагнуулна гэдэг энэ амьдралын утга учрыг нэг байдаг. Ялангуяа өөрийн эрх дураар хөдлөж, ярьж хэлж, хийж бүтээж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний ээжүүдэд чин сэтгэлээсээ туслаж, амьдралд нь тус дэм болно гэдэг бахархууштай үйл. Өөрийн бус хувь заяаны сонголтоор бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах мундаг ажил хийж байгаа ээж нарыг дэмжиж, туслаж яваа “Ээлтэй ертөнц” ТББ-ийн гишүүн П.Өлзиймаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
й
-Сайн үйлсийн аяныг дэмждэг хүмүүс, залуучууд ер нь хэр их байдаг юм бэ?
-Бусдад туслах сэтгэлгээний асуудал харьцангүй өөр болсон. Бид сайн дурын үйл ажиллагаагаа анх 2009 онд эхлүүлсэн. 2009-2011 онд биднийг дэмжиж, сайн дураараа туслах хүн бараг байдаггүй. Бид урд хормойгоороо ард хормойгоо нөхөх нь холгүй байж сайн дурын үйлс хийдэг байсан бол одоо өөр болсон. Залуучуудад, хүмүүст хандаж хэлэхэд та өөрөө өөрийнхөө төлөө амьдраад би гэдэг төвтэй байхад нийгэм хөгжихгүй. Нийгэмд багаараа ажиллаж байж, бие биедээ чадах чадахаараа тусалж байж энэ нийгэм хөгжинө. Бүхнийг төр засагтаа найдаад, аав ээж, даргадаа өрөөл бусдад найдаад даатгаад байж болохгүй. Ялангуяа залуу хүмүүс бид л эх орноо хөгжүүлнэ гэдгийг хэлмээр байна. Ер нь монголчууд багаар ажиллах дуртай. Ямар нэгэн газарт харъяалагдаж, хамтаа нэг зүйлд зорьж, би төвөөсөө гарахгүй бол хөгжихгүй шүү л гэж хэлмээр байна.
й
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлага харьцангүй эерэг сайн болсон ч гэлээ нийгмийн дунд тэднийг огт өөр хүмүүс мэтээр хүлээн авах үзэгдэл арилахгүй байгаа?
-Тийм ээ. Энэ асуудалд нийгмээс гадна эцэг эхчүүдийн өөрсдийнх нь хандлага ч бас арилгахгүй байгаа. Эцэг эх нь өөрсдөө айдастай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хөгжихгүй гэж бодох, хувь заяандаа гомдох зэрэг үзэгдэл ажиглагддаг. Тэд ч гэсэн нийгмийн л нэг хэсэг учраас буруутгах аргагүй. Уг нь бол тэдгээр хүүхдүүд бол онцгой, өөр авъяастай л хүүхэд гэж харах хэрэгтэй. Гэхдээ нийгмийн хандлага илүү хэцүү л дээ.
й
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж аав нь ихэвчлэн ганц бие ээж, аавууд байх нь элбэг харагддаг. Хэн нэг нь хаяад явчихсан байдаг. Ер нь энэ талын судалгаа байгаа юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд маш их асаргаа, мөнгө шаардлагатай байдаг учраас гэр бүлд яагаад ч болохгүй ахуйн хэрүүл, үл ойлголцол үүсдэг. Гэтэл тэр стресс үл ойлголцолоо даван дийлэхгүй шантрах тал нь зугтдаг. Тэр нь ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Ээжүүд хэзээ ч хүүхдээсээ урвадаггүй учраас үлддэг. Тэр талын судалгааг одоогоор хийгээгүй байна. Манай ТББ-ийн гишүүн унага оёдог 10 ээжийн 5 нь ганц бие 2-3 хүүхэдтэйгээ үлдсэн байдаг. Тэд яг л энэ асуудлаас болоод ганц биеэр амьдарч байна. Одоо унага оёж л амьжиргаагаа залгуулдаг. Халамжийн 50 гаруй мянган төгрөгөөр байр тогны мөнгөө л чуу ай даадаг.
й
Гэтэл ээжүүд амьдралдаа хэрэгцээтэй бүгдийг олохын төлөөх тэмцэл нь стрессдүүлдэг, хүүхдээ харах, хэнтэй ч харьцахгүй байх, эмэгтэй хүн гэдгээ мартах шахан хөдөлмөрлөхөд хүргэдэг. Тиймээс л ээжүүдийг тогтсон ажилтай болгоё, нийгэмтэй харьцуулья, дэмжүүлье гээд хамтран ажиллаж байна. “Залуусын итгэл” нийгэмлэгийн залуус биднийг уриад ээжүүд маань саяхан кино үзсэн. Киногоо дуусахад ээжүүдийн зарим нь сүүлийн 10 гаруй жилд анх удаа хүмүүстэй кино үзлээ гэж хэлж байсан. Манай ээжүүд нийгмийн хэрэгцээгээр цангасан хүмүүс байдаг, хамт олон гэж надад байгаагүй, амьдралдаа анх удаа шинэ жил тэмдэглэлээ гэж байсан.
й
-Та яагаад сайн дурын ажилд оролцдог болсон юм бэ?
-Миний мэргэжил хүний нөөцийн менежер. 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн холбоо”-нд анх орчуулагчаар ажилд орж байсан. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой үгээ сайн орчуулж чадахгүй булчин шөрмөс гээд их хэцүү үгнүүд таарна. Тэр үед гадаадын мэргэжилтэнтэйгээ айлуудаар явж байхдаа анх айдаг байсан. Тэгээд ээжүүдтэй нь танилцаад түүхийг нь ярилцаад хүүхдүүдийнх нь тухай сонсож суухдаа уйлж эхэлнэ. Заримдаа орчуулгаа хийж чадахгүй болтлоо уйлдаг байсан. Тэгээд энэ гэр бүлүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ гэдгээ бодож эхэлсэн.
й
Тэгээд 2010 онд Тэмүүжин гэдэг хүүгийнд очсон юм. Тэр хүүгийн ээж аав хоёр нь харааны бэрхшээлтэй. Тэр хүү саажилттай. Зураг зурах хэрэгсэл гээд ойр зуурын юм бэлэглээд гарах гэж байтал гэнэт хүү миний гараас минь атгаад татаад уйлсан. Тэгээд “Эгч ээ, та намайг аваад л гарчих” гэлээ. “Яах гэж байгаа юм” гэсэн чинь “Би зүгээр л салхинд л гарч сууж үзмээр байна” гэсэн. Ээж аав нь “Чи битгий хүний ажилд саад болоод бай” гээд л. Тэгэхэд би больж чадахгүй хүүтэй хамт уйлаад. Нөгөөх чинь “Аниа та битгий яваарай, та намайг авч гараарай” гээд л уйлаад байсан.Би тэр өдөр түүнийг авч гарч чадаагүй. Тэгээд гэрийнх нь гадаа зогсож байхдаа “Би хэзээд энэ хүүхдүүдийнх төлөө ажиллана. Тэднийг дэмжинэ” гэсэн бодолдоо үнэнч үлдсэн.
й
Энэ хүүхдүүдэд зөвхөн гадаа гарах нь, хэн нэгнийг харах нь чухал байдаг. Тэдэнд ямар нэгэн I Pad хэрэггүй, гар утас хэрэггүй. Тэгээд 2010 оноос хойш сайн дурын ажлаа хийж байна. Тухайн үед хоёр ээжтэй хамтраад хүүхдүүдээ салдхинд гаргая. Улаанбаатар ямар сайхан болж байгааг харуулья гээд аялал зохион байгуулсан. Одоо жил бүр хүүхдийн баяраар 50 хүүхдийг авч гарч байгаа. 2013 онд 150 хүүхдийг, 2014 онд 180 хүүхдийг гадаа гаргасан. Одоо зөвхөн хүүхдийн баяраар гэхгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулна. Гадаа гарах өдөр хүүхдүүдийн маань хүсэн хүлээдэг өдөр болсон . Анх парк явъя гэхэд бүгд л чадахгүй ш дээ гэдэг байсан. Би ч гэсэн тэднийг уначих вий, бэртчих вий гэж бодож байсан. Тэгтэл хэлгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг хүү Парк дээр очиход нүд нь том болоод байсан юм. Яагаад байгаа юм болоо гээд санаа зовоод ээж ааваас нь асуусан чинь Зүгээр ээ хүүхэд маань баярлаж байгаагаа чамд илэрхийлж байна гэсэн.
й
Тэгэхэд л бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг, хүмүүсийг их дутуу үнэлдэг юм байна гэж ойлгосон. Бид чинь эдгээр хүмүүсийг амьтан гэж үзээд байгаа юм уу ургамал гэж хараад байгаа юм уу. Яагаад ийм агуу сэтгэлтэй хүүхэд байхад хүүхэд насны жаргалыг нь эдлүүлэхгүй байгаа юм. Нэг хүү байдаг л даа саажилттай. Тэр хүү хөлөөрөө зураг зурдаг, хоолоо иддэг. Гэтэл тэр хүүг хөгжүүлэхгүй байсааар байгаад одоо 16 нас хүрчихсэн. Гэр нь Толгойтын баруун салаанд, ээж аав нь нааш цааш зөөж чадахгүй. Энд ийм авъяас байхад хөгжүүлж чадахгүй халамжийн мөнгө яриад байгаа юм бэ. Үнэхээр өчүүхэн юм яриад байна. Гэтэл хөлөөрөө зурдаг агуу зураач ч байгаа юм билүү. Тэгэхээр ийм хүүхдүүдээ яаж хөгжүүлж болох вэ гэдэг талаас нь асуудалд хандмаар байгаа юм. Хүүхдүүдийг хөгжүүлэхэд нэг асуудал байдаг нь ээжүүд маань бэлтгэлгүй байдаг.
й
Харж хандахаасаа ч тээршаагаад түвэгшээгээд орхиод явчихсан хамаатныдаа орхичихсон нөгөөдүүл нь яг л ургамал шиг үздэг хүмүүс байдаг. Тэгэхээр ээжүүдийн наад захын хэрэгцээг хангаж өгөх хэрэгтэй байна. Асран хамгаалагчид халамжлуулах биш, хайрлуулах эрхтэй. Хайр гэдэг нь хүч нэмж, тэвчээр өгдөг. Тэднийг сайн сайхан үгээр урамшуулж, бас амьдралын хэцүү бэрхшээлийг боломж болгон өөрчлөхөд зүтгэж байгааг нь үнэлэх. Унага худалдан авах нь таны тэдэнд өгч буй хамгийн том бэлэг юм шүү.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ