“Өрийг нэмэх биш, үйл ажиллагаа явуулах эрхээ авч байгаа”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж
байгаа асуудалтай холбогдуулан сайд нар гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Харин одоо энэ бүхэн хамаарахгүй болсон бололтой. Улс орон өнгөрсөн 10 жилийн хугацаанд өрөөс босохооргүй болчихлоо гэж байсан. Өнөөдөр нэг хүнд 5,89 сая төгрөгийн өр ногдохоор болсон. Бид удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар хөөрцөглөөд байгаа. Гэтэл энэ иргэн маань ч өр төлөхөөр болж байна. Өрийн таазыг нэмэхгүй гэсэн гэрээгээ зөрчиж байна. Ирэх онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг царцааж, дуусаагүй барилга балгас болох нь ээ. Ард түмэнд энэ ачааг үүрүүлэхээр таван төрлийн татвар нэмэгдүүлэхээр болсныг тайлбарлана уу? 18 хүртэл насны хүүхэдтэй Алдарт одонтой эхчүүдэд нэг удаагийн тэтгэмж болгох, төрийн албанд ажиллаж байсан хүн тэтгэвэрт гарахдааа хэдэн сараар олгох болж байна вэ?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Хөрөнгө оруулалт анх энэ онд 655,4 тэрбум төгрөгөөр батлагдсан. Харин одоо 342,5 тэрбум төгрөг болгон өөрчилсөн. болж байгаа. Төсвөө бодит нөхцөл байдалд нь аваачих хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулалтыг 50 хувиар бууруулсан. Ажил нь эхлүүлсэн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ. Нэмэгдсэн татварын хувьд орон нутагт эрхийг нь шилжүүлэхээр зохицуулсан. Хуучин байсан татварын хувьд дээд хязгаарыг нь өөрчилсөн. Малын хөлийн татварын хувьд орон нутгийнхан шийдэх юм. Хөрөнгийн татварууд тус тусдаа хуультай байсныг нэг мөр болгосон.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Шинээр татвар бий болгоогүй. Хуулиар заасан татварын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Энэ татваруудаас төвлөрсөн төсөвт нэг ч төгрөг авахаар тусгаагүй. Алдарт эхийн одонгийн мөнгийг олгохдоо отгон хүүхэд нь 18 нас хүртэл насны эхчүүдэд олгоно. Тэтгэмж тогтоож байгаа аргачилал маш буруу байсан. Хамгийн сүүлийн сарын цалинг нь 40 хувиар үржүүлээд, тэгээд 36 сараар үржүүлээд нэг удаагийн тэтгэмж олгодог байна. Гэтэл энэ тэтгэмжид 59 настай хүн төрд ороод нэг ажил ажиллаад тэтгэвэрт гарахдаа ч хамрагддаг байжээ. Бид үүнийг өөрчлөөд, төрийн албанд хэдэн жил ажилласнаар нь тооцож, нэг удаагийн тэтгэмжийг таван жилийн дундаж цалингийн тооцоолон олгохоор болсон.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Хүүхдийн, эхийн, оюутны зэрэг нийгмийн хэцүү бэрх үед авсан арга хэмжээг одо хумхи нь буруу. Цалин тэтгэврийг нэмэхгүй гэдэг нь буруу. Татваруудыг нэмэгдүүлэх байдлаар амьдрах нь өрөөсгөл. Авч байгаа арга хэмжээ чинь эдийн засгаа хумхи байдлаар зохицуулагджээ. Энэ бүхэн чинь буруу байна. Засгийн газрыг томроод олон яам, сайдтай болж, улам хүчтэй ажиллах юм байна гэж бодсон. Гэтэл олон яамтай болчоод ард түмний амьдралыг ядууруулах байдлаар хандаж байна. Буруу зарчим дээр тулгуурлаж байгаа Засгийн газар оошоож байна уу. Өрийн таазыг нэмж, өр нэмэх гээд байна уу? Үйл ажиллагаагаа сайжруулж хүчээ нэм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Шинэ орлого олъё, бүтээн байгуулалт хийе гэвэл биднийг дэмжих хэрэгтэй. Бид богино хугацааны зээл авахгүй. Урт хугацааны, нэн хөнгөлөлттэй зээл авъя гэж байгаа. Тэвчиж болох хөрөнгө оруулалтаа тэвчээд явъя гэж байна. Нэг цэг дээрээ зогсъё. Дуусаагүй барилгаа гүйцээе. Татвар нэмснээр төсөвт нэг ч төгрөг орж ирэхгүй. Орон нутгийн засаг захиргаа л зохицуулна. Манай гишүүд энэ бодлогыг дэмжиж байна гэвч “гэхдээ..” гээд байна юм. Өр нэмэгдэж байгаа биш, үйл ажиллагаа явуулах эрхээ олж авч байгаа юм. Энэ боломжийг Засгийн газарт өгөөч гэж байгаа юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ