
УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн
тодотголыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд
сайд нарт асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын
гишүүн Д.Оюунбаатар:
-Нийгэм
бухимдалтай байгаа. Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, орон тооны цомхотгол хийгдэнэ.
Үүнд улс төрийн намын харъяалалгүй хүмүүс хамрагдах гээд байна уу. ИНЕГ-т нэг
аймгийн голдуу хүмүүст л хамаарах гээд байна гэсэн сураг гарсан. Хүүхдийн
мөнгөний асуудалд улстөржсөн хорооны дарга нар зөрчил гаргах вий. Хашаанд нь
эвдэрсэн машин байхад хүүхдийн мөнгөнөөс нь хасах вий. Хүний эрх зөрчихөөс
болгоомжилж анхааралдаа авах хэрэгтэй.
Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг:
-Энэ оны
төсвийн тодотгол өөрөө онцлогтой. Өнгөрсөн жил энэ оны төсвийн төслийг
хэлэлцэхэд зардлыг нэлээн танасан. Мөн өнөөдөр дахин хэлэлцэж байна. Иймээс
хоёр удаа тодотгож байгаа төсөв. Цалин, тэтгэврийн хувьд нэмэх боломжгүй. Бид
нэг жилийн хугацаанд асуудлаа цэгцэлье. Цалинг 10 хувиар нэмэхэд 300 тэрбум
төгрөг шаардлагатай. Энэ нь нэг жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ. Энэ бол хувь
хүнтэй холбоотой биш. Өрийн хязгаарыг түр хугацаанд хөдөлгөхгүйгээр явъя гэвэл
олон улсын донор байгууллагын хөтөлбөрт хамрагдах шахаанд орно. Бүх шийдвэр
төлбөртэй. Өрийн таазыг нэмэх нь хэн нэг хувь улстөрч, МАН, АН-тай хамааралгүй.
Сангийн
сайд Ж.Эрдэнэбат:
-Хүүхдийн
мөнгийг НХХАХЯ-ны судалгаан дээр үндэслэсэн. Нийт өрхийн хүүхдийн 60 хувьд нь
мөнгө олгоод 40 хувьд нь олгохгүй. 10 хувиар цомхотгоод 17 мянган хүн ажилгүй
болгоход цалингийн сангаас 170 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ хэмнэсэн
мөнгөөрөө цалин нэмвэл 8 орчим хувиар нэмэгдэх юм.
УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь:
-Энэ олон
зам, барилгын компаниуд ажилгүй зогсох нь. Үүний ард айл өрхийн орлого байхгүй
болно. Тиймээс ажил олгогчдоо яаж дэмжих вэ, компаниудаа яаж дампууруулахгүй
байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Төсвөө тодруулна, байгууллагыг нэгтгэнэ
нэгтгэхгүй гээд цаг хугацаа алдаж байна. Үр дүн нь түргэн гарах, зайлшгүй хийх
шаардлагатай цаг үе ирээд байгаа.
Сангийн
сайд Ж.Эрдэнэбат:
-Мөнгөний
бодлогоор эдийн засгаа тодорхой хэмжээгээр тэлэх бодлого явж байх ёстой.
Харамсалтай нь төсвөөс эдийн засгаа дэмжих бололцоо алга. Өмнө нь 1,3 их наядын
хөрөнгө оруулалт хийдэг байсан бол өнөөдөр 300 тэрбум төгрөг дээр зогсчихлоо.
Эдийн засгаа тэлэхийн тулд бидэнд цөөн гарц байгаа. 2014 оны статистик
мэдээллээ 600 тэрбум ам.долларын гадаадын
хөрөнгө оруулалт оржээ. Гэтэл бид оргил үедээ 4 тэрбум ам.долларын
гадаад хөрөнгө оруулалт хийж байлаа. Тиймээс бид өнөөдөр өөрсдийн бололцоон
дээрээ тулгуурласан.
УИХ-ын
гишүүн Л.Энх-Амгалан:
-Төсвөө
хэмнэх төсөл оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ төсөв батлахдаа УИХ-аас
бодлогын сонголт хийх ёстой. Төсвийн хэмжээ, өр, орлого хоорондоо уялдаатай
байгаа. Эдийн засгийн өсөлт харагдахгүй байна. Оюутолгой 4 тэрбум ам.доллар,
Тавантолгойн 5 тэрбум ам.доллар, цахилгаан станц, мега төслийн хөрөнгө оруулалт
хийгдэхгүй юм уу. Нийт улсын төсвийн зардлын 60 хувь нь цалин тэтгэвэр
халамжийн чиглэлд байна. Бидэнд бодлогын сонголт өгөх хэрэгтэй. Хөрөнгө
оруулалт дээр ямар бодлого барих вэ. Завханд улсын төсвийн тэрбум төгрөгөөр 100
хүүхдийн цэцэрлэг барьсан бол хажууд нь хувийн хэвшил 100 хүүхдийн цэцэрлэгийг
450 сая төгрөгөөр босгосон байсан.
Хүүхдийн мөнгө, алдарт эхийн тэтгэмж бол хүн амаа өсгөх бодлого. 1960
онд нэг сая, 1988 онд 2 сая дахь, одоо гурван сая дахь хүүхдээ угтах гэж байна.
26 жилийн дараа хүн ам нэг саяар нэмэгджээ. Засгийн газрын хүн амаа өсгөх
бодлого чинь юу вэ?
Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг:
-Оюутолгой
дээр хэлэлцээр хийгээгүй мөртлөө роялтийн 455 сая ам.доллар олно,
Тавантолгойгоос тэдэн төгрөг орно гэж төсөөлөөд төсөл хөтөлбөрүүдийн орлогуудаа
төлөвлөөд явуулж байсан үе бий. Засгийн газар дахиж арилжааны зээл авахгүй.
Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих бололцоо байна. Одоо гар, хөл
хамаг юм тушиж хаячихаад орлогоо төлөвлө гэвэл 906 тэрбум төгрөгөөр танаад
оруулж ирлээ. Түгжээгээ мулталъя гэвэл өрийн хязгаараа нэмье.
Чуулганы
хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ