Монголын Хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү хугацаанд 10 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа амжилттай явагдаад байна. Монголын Хөрөнгийн бирж нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай хамтран Милленнум Ай Ти систем дээр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны туршилтыг явуулж дууссан тул 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор нээхээр төлөвлөж байна.
а
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар болон хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм.