"Бидний цалинг 60 хувиар нэм"
Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнуудын төлөөлөл яг одоо Чингис хааны нэрэмжит төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
б
Тэд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгааг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Жагсаалд нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн 1000 орчим ажилчин оролцож байна.
б
Өнөөдөр жагсаал цуглаанд оролцогчид Улсын их хурал, Засгийн газар, НББСШУ-ны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Ардчилсан нам, Ардын нам, “Шударга ёс эвсэл” зэрэгт хандан шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагад төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсөвт тусгах. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх. Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх гэж заажээ.
б
Дээрх шаардлагын хариуг энэ сарын 12-ны дотор ирүүлэхийг хүсчээ. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.
б
Өнөөдрийн жагсаалд оролцож буй төлөөлөгчид ийн ярьж байна.
б
“Тэд өөрсдөө хямралыг бий болгосон”
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын төлөөлөл
б
“Төрийн томчууд эмнэлэг дээр ирээд ямар нөхцөлд, яаж ажилладгийг үзээсэй. Заримдаа яах гэж ийм ажил хийж байна вэ гэж боддог ч өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажлаа хаяж чаддаггүй. Гэхдээ бид өөрийнхөө тэмцэж чаддаггүй, хүлцэнгүй хүмүүс юм. Би эмнэлгийн байгууллагад 20-иод жил ажиллаж байгаа, арга зүйч хийдэг ч сардаа 550 мянган төгрөгийн цалин авч байна. Асрагч, сувилагчид 300-400 мянган төгрөгийн цалинтай байдаг. Бүгд цалингийн зээлтэй, хоногийн хоолоо л залгуулан амьдарч байна. Ийм хүмүүсээсээ л танаж, хасах гээд байх юм. Ер нь хямралыг ард түмэн бид бус төрд сууж буй хэдэн хүмүүс бий болгосон гэдгээ мэдэхгүй байх шиг байна. Тэдний ачааг ард түмэн нуруундаа үүрч байна. Тэд тэтгэвэр, тэтгэмжээ битгий хасаач ээ гээд зурагтаар ярьж буй ард иргэдийн өмссөн хувцас, царай зүсийг нэг удаа хараасай. Ард түмнийнхээ амьдралыг мэдрээч. Иргэд маш их бухимдалтай байна.
б
Иргэдээсээ хасна гэдэг нь буруу
77 дугаар цэцэрлэгийн багш
б
Цэцэрлэгийн багш нар 450-500 мянган төгрөгийн цалин авдаг. Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй, заримыг нь хасч, танана гэдэг бол буруу зүйл.
б
“Цалин бага байгаа нь ажлын уналттай холбоотой”
2 дугаар сургуулийн Математикийн багш н.Болормаа
б
Ер нь аливаа байгууллага ажилчдынхаа амьдралын түвшинд анхаарч, цалин хөлс баталгаатай байснаар ажлын чанар сайжирдаг. Багш нарын цалин бага байгаа нь боловсролын байгууллагын ажлын уналттай холбоотой. Одоо дунд сургуулийн багш нар 400-800 мянган төгрөгийн цалинтай байна уу даа. Мөн тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмж багш нарын амьдралд ихээхэн тус болдог юм шүү дээ. Энэ бүгдийг нэмэхгүйгээр, хасна гэдэг бол байж болохгүй юм.
б
й
Б.Хүлэг
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ